УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны харьяа “Монгол зэс” компанид шилжүүлэхтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид үнэгүй шахам очсон. Мөн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа ч эрх мэдэлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луйврыг Засгийн газар судалж, нягтлах ёстой” гэж мэдэгдэж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг олны анхаарлын төвд авчирсан.
Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан /2016.10.02/ өдөр болжээ. Уг хуралдаанаас 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан бөгөөд Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Харин уг асуудалд Сангийн сайд асан Б.Болор өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулж тайлбар хийжээ. Тэрбээр “Энд нэг зүйлийг хамгийн түрүүнд тодруулж хэлэхэд ОХУ өөрийн эзэмшлийн хувь болох 49 хувийг Монголын компанид худалдсан байгаа. Оростой хийж байсан хэлэлцээрээр үе үеийн Засгийн газар үүнийг л Оросын талаас хүсдэг байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч олон жил Засгийн газрын гишүүнээр ажилласан хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг, мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсэж, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна.
Тушаал гаргасан асуудлын хувьд бол Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн хувь болох 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж уг тушаал гарсан байгаа. Монгол Улсад 51 хувийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь бий. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнөөдөр 100 хувь үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах болно.
Дэлхийн болон үндэсний томоохон компаниудын жишгээр ТУЗ-ийн дарга нь цөөнх эсвэл хараат бус гишүүнээр сонгогдсон байдаг. Харин гүйцэтгэх удирдлага бол олонхоос томилогдох учиртай. Өнөөдөр төрөөс томилогдсон гүйцэтгэх удирдлага болох Ц.Даваацэрэн захирал ажлаа хийж л байгаа. Харин шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй байгаа. Үүнийг надаар хэлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх.
Татвар төлөлтийн хувьд бол ОХУ 49 хувиа Монголд худалдсанаар татвар төлөлт буурна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч хоёрхон сарын дотор татвар төлөлт буурлаа гэж дүгнэлт хийх ямар ч боломжгүй.
Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн улс төрчдийн “шахаа”-ны бизнесээ хийдэг компани болсон байсныг бүгд л ярьдаг, бичдэг. Харин одоо бол энэ байдал нэлээд хумигдах, улмаар бүр мөсөн арилах боломжтой болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр илүү зардалгүй ажилласнаараа 51 хувийг эзэмшдэг улсдаа ч ашигтай, 49 хувь эзэмшдэг хэсэгтээ ч ашигтай шүү дээ. Хамгийн сүүлд хийсэн шалгалтаар бэлгэвч хүртэл шахаж байсан нь илэрсэн байдаг. Энэ бүх зүйл сүүлийн 20 гаруй жил арай л хэтэрсэн байсан. Харин одоогийн захирал Ц.Даваацэрэнг би хувьдаа “Эрдэнэт” үйлдвэрийг зөв удирдаж байгаа гэж дүгнэдэг” гэжээ.
Т.НОМИН