Нийслэлийн “Хобби” бүрэн дунд сургууль нь англи хэлний мэдлэгтэй, урлагийг ойлгон биширдэг оюунлаг иргэнийг төлөвшүүлэх зорилгынхоо хүрээнд “Cinderella Jones” бүрэн хэмжээний мюзиклийг англи хэл дээр Монголд анх удаа тоглох гэж байна.
“Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэгийн санаачилгаар энэхүү бүрэн хэмжээний мюзиклийг Монголд анх удаа англи хэлээр, орчин үеийн хэлбэрээр найруулан тавих бөгөөд хагас жилийн хугацаанд жүжгийн найруулга, дуу, бүжиг дээр зэрэг ажиллажээ. Мюзиклд тус сургуулийн 12-16 насны 46 сурагч хоёр бүрэлдэхүүнээр тоглох бөгөөд найруулагчаар багш Д.Батдорж, бүжгийн багш Ш.Баттуяа, дууны багш Ц.Балжиням нар ажиллаж байгаа юм. Мюзиклийн найруулагч багш Д.Батдорж “Манай сурагчид бэлтгэл ангиасаа эхэлж урлагийн уралдаан тэмцээнд оролцож тайзны соёл урлагийн мэдрэмж зэрэгт суралцаж ирсэн. Тийм ч учраас энэ туршлага нь мюзикл тоглоход тус болох байх” гэлээ.
Тоглолт Улаанбаатар чуулгийн тайзнаа 2016 оны аравдугаар сарын 7-ны 14.00 цаг, аравдугаар сарын 9-ны 16.00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн хүмүүст нээлттэй гэнэ.
Э.СОСОРБУРАМ