Ноолж болдог номхон тэмээ шиг Сонгуулийн хуулийг дахиад өөрчлөхөө УИХ-ын дарга М.Энхболд намын чуулганы нээлтийн индэр дээрээс мэдэгдлээ. М.Энхболд энэ тухай ”Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна” гэсэн юм. Ингэснээр дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ханцуй шамлан орсон нь илт болов. МАН үнэмлэхүй олонхоороо байгаа дээр өөрсдөдөө тааруулж сонгуулийн дүрмийг зохионо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг гаргаж ирэх хууль хийнэ гэсэн үг. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь УИХ-ын дарга болсноор тодорхой болсон юм. Үүний төлөө тэрбээр Засгийн газрын тэргүүнээс татгалзсан билээ.
Түүний намрын чуулганы нээлт болгон хэлсэн үгнээс анхаарал татсан хэд хэдэн сэдэв байлаа. “Улстөржилгүйгээр бодит байдалд хандах”-ыг уриалсан түүний үг хэрэг дээрээ багагүй улстөржсөн харагдана.
Ардчилсан намын Ерөнхийлөгчтэй болсон, Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан тэр цаг хугацаанаас бүх зүйл уруудаж эхэлсэн гэсэн санаа түүний үгнээс цухалзана.
“Та бид улстөржилгүйгээр бодит байдалд шударгаар хандаж чадвал бүгд ижил төстэй дүгнэлтэд хүрэх биз ээ. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг Олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан. Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ.
Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляци бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа” гэж хэлснээс үүнийг анзаарч болно.
МАН Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн багц хуулийг иргэдэд бүрэн дүүрэн таниулж чадаагүй учраас хэрэгжих хугацааг нь хойшлуулж байна гэж ээлжит бус чуулганы үеэр хэлж байсан ч тэр нь заль байсан нь УИХ-ын даргын үгнээс тодорхой боллоо. Эдгээр хуулийг орвонгоор нь эргүүлэх гэж байгааг М.Энхболд мэдэгдэж байна.
“Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна” гэж тэрээр хэлсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26-р тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа тухай гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байгаа ч шийдвэр хэрхэн гарахаас үл хамаарч хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг.
Харин түүний хэлсэн үгнээс нэг таатай зүйл байсан нь эдийн засгийн мега төслүүдийг хөдөлгөх нь тодорхой болов.
Гэхдээ 2012 онд сонгуулийн шоу болгож “Чалко”-гоос зээл авч тараасан мөнгөний үлдэгдлийг одоо хэр нь барагдуулаагүй, нүүрсээ зах зээлийн үнээс хавьгүй хямд ханшаар тооцон өрөнд өгсөөр байгаа. Үүн шиг хор, уршиг нь хэдэн жилээр тооцогдох байдлаар тавиад туучихгүй байгаасай л гэж найдья.
Ямартай ч эдийн засагт эерэг нөлөө авчрах мега төслүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хөдөлж, тэр нь МАН-ын том сурталчилгаа болох нь тодорхой боллоо.