Донорын тоо 35 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Донорын тоо 35 хувиар нэмэгджээ

Өнөөдөр бол эрдэнэт хүний амь аварч, сайн үйлс бүтээх их үйлд хувь нэмрээ оруулах цусаа бэлэглэх өдөр. Энэ өдрийг сар бүрийн 3-нд зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд 70-аас дээш удаа цусаа өгсөн гурван хүндэт донорыг “Хүрэл донор”-оор өргөмжиллөө. Тэднийг Ц.Мөнхбаатар, С.Энхцэцэг, Б.Наранзул гэдэг.

 “НАДААР ДУТАХГҮЙ” ГЭЖ БОДОХ ХЭРЭГГҮЙ 

Цусаа бэлэглэж, эрдэнэт хүний амь аврах хүсэлтэй, доноруудын тоо жил ирэх тусам нэмэгдсэн гэх таатай мэдээг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс өглөө. Тухайлбал, 2012-2015 оны хоорондох доноруудын цус өгсөн байдлыг судлахад 35 хувиар өссөн гэх дүн гарчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянган донор байна. Гэхдээ үүний 600 гаруй нь л тогтмол, идэвхтэй цусаа өгдөг аж.

Хэдий донорын тоо өсч, цусны нөөц хангалттай болсон ч “Надаар дутахгүй” гэх хандлагаасаа салах хэрэгтэйг иргэдэд зөвлөж байлаа. Учир нь, цусны нөөцийг гурван төрлийн бүтээгдэхүүн болгож ашигладаг байна. Нэг хэсэгт нь нөөцөлсөн цус ашиглаж болох ч нөгөө талдаа удаан хадгалсан бус шинэ цус шаардлагатай тохиолдол ч бий гэдгийг эмч нар хэлсэн юм. Тиймээс ялангуяа эрүүл саруул, залуу насандаа цусаа хандивлах үйлсэд нэгдэхийг Цусны төвийнхөн энэ үеэр ч уриаллаа.

 “АЛТАН ДОНОР БОЛНО ОО”

Мөн энэ үеэр 72 дахь удаа цусаа өгөөд сууж буй Баянзүрх дүүргийн иргэн Х.Төмөрсүх гуайтай таарсан юм. Тэрбээр 17 настайгаасаа энэ төвд ирж цусаа өгч эхэлжээ. Үүнээс хойш 33 жил цусаа хандивлаж “Хүрэл донор” болсон байна. Тэрбээр “Донорууд нэмэгдсэн ч Монгол Улсын хүн амтай харьцуулахад донорын тоо хэт бага хэвээр л байна. Учир нь аливаа улсын хүн амын 3-5 хувь нь тогтмол цусаа өгч, цусны нөөцийг хэвийн хэмжээнд бүрдүүлдэг. Гэтэл Монгол Улсын хувьд донорын тоо өсч буй ч нийт хүн амын нэг хувьд ч хүрээгүй” хэмээн санаа зовнингуй хэлсэн юм.

Тэрбээр өнөөдөр 72 дахь удаа цусаа өгч буй. Цаашид 80, 90, 100 удаа цусаа бэлэглэж “Алтан донор” болно гэдгээ ч хуучлав.

Сонирхуулахад, 35-аас дээш удаа цусаа өгвөл хүндэт, 70-100 удаа өгвөл хүрэл, 100-150 удаа өгвөл мөнгө, 150-аас дээш удаа өгвөл алтан донороор өргөмжлөгддөг юм байна. Харин Монгол Улсын хувьд 1200 хүндэт донор, 60 гаруй хүрэл донор, 20 гаруй мөнгөн донор байдаг аж. Одоогоор н.Бум-Эрдэнэ гэх залуу 182 удаа өгч алтан донороор өргөмжлөгджээ.

“ДОЛОО ХОНОГТ 100 ХҮН ЦУСАА ӨГЧЭЭ”

Цусаа өгөх ач холбогдол, ашиг тусыг түгээх сурталчилгааг ихээр хийж эхэлжээ. Мөн сар бүрийн 3-ныг цус өгөх өдөр болгосон нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 3100 хүн тус төвд цусаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт 100 хүн цусаа бэлэглэжээ. Мөн албан байгууллагууд сар бүрийн нэг өдөр цусаа тогтмол өгөх өдрийг ч зохион байгуулдаг болсон байна. Энэ хүрээнд өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийнхан албан байгууллагаараа цусаа өгч байсан юм. 

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж