Ардын дунд домог болон яригдсаар ирсэн хурдан ажнай хээр морины хөшөөг Арвайхээрийн талд барьж босгон мөнхжүүлжээ. “Монгол түмний морины шүтээн” нэртэй энэхүү цогцолбор Өвөрхангай аймгийн төвөөс баруун тийш 15 км-ийн зайд оршдог. Уг цогцолборт Арвагар хээрээс гадна Аварга зээрд түмэн эх, Засаг төрийн зандан хүрэн, Даншиг хээр, Ажнай хүрэн зэрэг хурд, хүчээрээ монголчуудыг гайхашруулсан хурдан хүлгүүдийг хөшөөнд мөнхлөн үлдээсэн байна. Суваргаар тойруулсан цогцолборын хойморт Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ.
2007 оны наймдугаар сард нээлтээ хийсэн Монгол түмний морины шүтээнийг жилдээ гадаад, дотоодын зуу орчим мянган хүн үзэж сонирхдог гэж цогцолборын харуул танилцууллаа. Долоон хошуу даншиг наадамд хорь шахам жил тасралтгүй түрүүлсэн Арвагар хээр морины тухай үүх түүх, домог хууч олон бий. Ардын аман зохиол мэт түгсэн Арвагар хээрийн домгийг түүхч, судлаач олон хүн судалсан ч он цагийг яг таг баттай тогтоож хараахан амжаагүй өнөөдөртэй золгосныг нутгийн олон хэлж байлаа.
Хэрэв та баруун бүсийн аймаг орон нутгийг зортж буй бол хурдан ажнай хүлгүүдийн авшиг шингэсэн Монгол түмний морины шүтээнээр зочлоорой.
Д.ЦЭЭНЭ