Хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ муутай байгаа энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан самарнаас авсан татвараар 75 хүүхдийн ортой цэцэрлэг барьж /2016.10.01/ ашиглалтанд оруулжээ. Тодруулбал өнгөрсөн намар иргэдийн самар түүж олсон орлогоос 800 сая төгрөгийн татвар сумын төсөвт хуримтлагдсан бөгөөд үүнээс 500 орчим сая төгрөгийг цэцэрлэг барихад зориулжээ. Нутгийн иргэд “байгалийн хишиг”-ээр босгож буй цэцэрлэгээ “Боргоцой” хэмээн нэрийдсэн байна.
“Рио 2016” паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдоч Болормаагийн Ууганхүүг Дорноговь нутгийн ард түмэн /2016.10.01/ нутагтаа хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Түүнд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод хоёр өрөө байр бэлэглэж, түлхүүрийг нь гардуулан өгсөн байна. Мөн Б.Ууганхүүг Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, Тамгын газар, нутгийн иргэдээс нийтдээ 30 сая төгрөгөөр шагнажээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас ахиу орохоор байгаа аж. Хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд мөн халтиргаа гулгаа үүсч зам тээврийн ажилд хүндрэл үүсч болзошгүй.
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд энэ сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгах, эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхтэй болгох, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо. Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид (2016.10.01) албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн есдүгээр сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан байсан юм. Хуульд зааснаар сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилж, санал хураалт аравдугаар сарын 19-нд болно.
Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2016 оны есдүгээр сарын 5-нд 35 нэр дэвшигчээ хуулийн дагуу бүртгүүлжээ. Гэвч 15 хоногийн дараа 12 дугаар хороонд нэр дэвшигч А.Гантулгын нэрийг “Үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хассан шийдвэрийг дүүргийн Сонгуулийн хороо гаргажээ. Үүнийг нэр дэвшигч эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсоор 18 жил болжээ. Өчигдөр ийнхүү төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн ах дүү, гэр бүл, найз нөхөд, болоод төрийн өндөрлөгүүд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр С.Зоригийн гэр бүл, журмын нөхдөөс нь гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюун зэрэг олон хүмүүс цугларлаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 509 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгджээ. ББСБ-уудын тоо олширсон хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдээгүй, зээлийн хүү буураагүй байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны /ББСБ/-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогт хэллээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст 0.3 хувь, 2017 онд 1.4 хувьд хүрнэ гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк /АХБ/ дэвшүүлсэн байна. Ингэж эдийн засаг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь Оюутолгой төслийн II үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон ирэх хавраас сэргэж эхлэх хөдөө аж ахуйн салбар хэмээн АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр банкныхаа эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв”-ийн судалгааны дүнгээ танилцуулсан юм. Инфляцийн түвшин энэ оныг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө хэмээн АХБ тооцоолжээ.
Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо явуулж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хамтарсан ажлын хэсгүүд хэсэгчилсэн шалгалтыг зарим аж ахуйн нэгжүүдэд хийжээ. Шалгалтад нэр бүхий зочид буудал, бүрэн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг хамруулахад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр тооцооны нэгжээр илэрхийлсэн, цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.