Юань дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө | News.MN

Юань дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Юань дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

Юань дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

Өнгөрсөн Бямба гаригаас хятадын юань дэлхийн нөөцийн валютын нэг боллоо. Олон улсын валютын сан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд хятадын юанийг элит валютын сагсанд бүртгэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь энэ 2016 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа юм. БНХАУ-ын зүгээс юанийг ОУВС-гийн нөөцний сагсанд оруулах ажлыг сүүлийн хэдэн жил уйгагүй хийсэн. Юань ийнхүү дэлхийн элит валют болсоныг ОУВС-гийн тэргүүн хатагтай Кристин Лагард өнгөрсөн Баасан гаригт /2016.09.30/албан ёсоор зарлалаа. Үүнд зориулж ОУВС видео ролик хүртэл хийлгэн олон нийтийн сүлжээгээр цацлаа. Хатагтай Кристин Лагард “түүхэн үйл явдал“ хэмээн тодорхойллоо.

ОУВС нь Зээлжих тусгай эрх нэртэй өөрийн гэсэн олон улсын тооцооны нэгжийг хэрэглэдэг. Энэ нэгжийг тодорхойлох валютын сагсанд таван улсын мөнгөн тэмдэгтийг оруулсан байдаг бөгөөд эдгээр нь ОУВС үүсэн бий болоход дүрмийн санг бүрдүүлэхэд хамгийн их хөрөнгө гаргасан улсуудын мөнгөн тэмдэгт юм. Тухайлбал, АНУ-ын доллар, Японы иен, Германы марк, Францын франк, Их Британийн паунд. Эдгээр таван мөнгөн тэмдэгтийн дундаж ханшаар зээлжих тусгай эрхийн нэгж тодорхойлогдоно гэсэн үг. Харин Европын холбоо еврог албан ёсны мөнгөн тэмдэгт болгосноор франк, марк нь еврогоор солигдон 1999 оноос ОУВС-гийн сагсанд дөрвөн валют байсан юм. Хятадын юань нөөцийн тав дахь валют болж байгаа юм. Сагсанд эзлэх юанийн жин нь 10,9 хувь болж байгаа нь сагсан дотроо ам.доллар, еврогийн дараа үнэлэгдсэн гэсэн үг. Ам.долларын эзлэх хувь 41,73, еврогийнх 30,93 хувь болж байна. Харин японы иен 8,33 хувь, британийн паунд 8,09 хувь.

ОУВС-гийн зээлжих эрхийн нэгж ийнхүү дөрөв биш таван валютын ханшаас шалтгаалах боллоо. Монголын шинэ Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болсон. ОУВС-гаас авах зээлийн ханш дээрх таван валютын ханшаас хамаарна гэсэн үг. ОУВС-гийн зээлжих эрхийн сагсанд багтахын тулд хоёр гол шалгуурыг давсан байх шаардлагатай. Нэгд, тус валютын дэлхийн экспортод эзлэх жин, хоёрдугаарт, тус валют олон улсын зах зээлд чөлөөтэй хэрэглэгддэг байх ёстой. Хятадын юань энэ хоёр шалгуурыг давж чадсан. 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар Хятадын экспорт дангаар дэлхийн экспортын 13,2 хувийг эзэлж байгаа юм. Харин олон улсын томоохон гэрээ, хэлцлүүд одоогийн байдлаар ам.доллар болон еврогоор хийгдэж байгаа ч Хятадын төрийн зүгээс юанийг олоун улсын бизнесийн эргэлтийн гол валют болгох ажлаа тууштай үргэлжлүүлж байгаа. Энэ чиглэлд тус улсын санал болгон эхлүүлээд байгаа “Зам ба бүслүүр” төсөл ихээхэн тус болох учиртай. Мөн дэлхийн Төв банкуудтай юанийн своп гэрээг идэвхтэй хийж байна. Хятадын төрийн өндөрлөгүүдийн дэлхийн улс орнуудад хийсэн айлчлал бүрт юанийн своп хэлэлцээ гэдэг үг дагалдаж байсан нь ийм учиртай. 2015 оны байдлаар Хятадын Төв банк дэлхийн 30 гаруй улстай 3,3 их наяд (500 тэрбум ам.доллар) юанийн своп хэлэлцээр хийгээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын хувьд өнгөрсөн жилээс Төв банк нь юанийг мөн нөөцийн валют болгоод байгаа билээ.

ОУВС байгуулагдсанаас хойш анх удаа шинэ валютыг “гэр бүлдээ” найр тавин оруулж байгаа нь энэ юм. Өмнөх валютууд тус санг үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн учраас сонгогдож байсан бол харин юань өөрийн сүр хүчээр, өөртөө зам гарган орж байна.

БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй хөгжиж, хятадын юань дэлхийн худалдаа, эдийн засгийн голлох валютын нэг болсон нь ийнхүү юанийг зээлжих эрхийн нэгжээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүргэсэн. ОУВС юанийг албан ёсоор зээлжих эрхийн валютаар хүлээн зөвшөөрсөнийг мэдэгдсэнээс хойш нэг цагийн дараа БНХАУ-ын Ардын банк мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлд “юанийн олон улсын болох эрин эхэллээ”, “Хятадын хөгжил цэцэглэл, эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийг хүлээн зөвшөөрлөө” хэмээн өгүүлжээ.

Дэлхийн олон улс орны Төв банкууд нөөцийн валютын харьцаанд өөрчлөлт хийж эхэлсэн хэмээн олон улсын шинжээчид хэлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж