SOS: Төрийн албаны тэг зогсолт

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

SOS: Төрийн албаны тэг зогсолт

УИХ-ын 2016 сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсноор Монголын төрийн албанд халаа сэлгээ, хямрал жинхэнэ утгаараа нүүрлэж байна. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Ц.Түмэнцогтоор сольж, УБТЗ-ын Л.Пүрэвбаатарын оронд Д.Жигжиднямааг томилж, Хууль зүйн сайд С.Бямбацогт өөрийн эрх мэдлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын зарим удирдлагыг өөрчиллөө. “МИАТ”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” гээд төрийн өмчит үйлдвэрүүдийн удирдлагыг өөрчилж, албан тушаалын бялуу хуваалт өдөр шөнөгүй үргэжилж байна. Яам тамгын газар, нийслэлийн харъяа агентлаг, төрийн өмчит компаниудад хаалгачаасаа хаанаа хүртэлх их халаа сэлгээ өдөр бүр яг л коммунист субботник шиг өрнөж байна.

Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа сагсчин Шараваа нэгэн зэрэг АН-ын 14 хүнийг ажлаас нь чөлөөлсөн бол  Гадаадын хөрөнгө оруулалтын газраас есөн хүнийг гудамжинд гаргажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харъяа агентлаг нь удирдлагын төвшинд 100 хувь өөрчлөгдсөн байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулж 28 албан хаагчийг халсан. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35-ыг нь сольсон гээд төрийн албаны халаа сэлгээнд өртөж ажилгүй болсон хүмүүсийн тоо одоогийн байдлаар яам агентлагийн төвшинд 1100, нийслэлд 200, орон нутагт 700 хүрсэн талаар Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг хэллээ. Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалаас авах ажилгүйдлийн тэтгэмж эрс өссөн, нэг хүнд олгох мөнгийг зургаан сарын цалингийн дунджаар нь гурван сая төгрөг гээд тооцвол улсын төсөвт чамгүй дарамт болох нь тодорхой байна. Ажлаас халагдсан төрийн албан хаагчдад ажилласан жилээс нь шалтгаалж, цалингийн 45-70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгдөг бөгөөд нэг жилд улсын төсвөөс таван тэрбум 378 сая 313 мянган төгрөгийг эл тэтгэмжид зарцуулсан гэсэн мэдээллийг Сангийн яамнаас ч гаргажээ. Энэ мөнгө мэдээж эрх баригчдын халааснаас биш татвар төлөгчдийн халааснаас л гарч таараа. Тэгэхээр МАН-ын өрнүүлж байгаа “ажлаас халах” бодлогод өртсөн олон мянган хүнд хичнээн төгрөгийг улсаас тэтгэмж хэлбэрээр өгөхийг одоогоор хэлэх боломжгүй. Ямар ч байсан энэ их халаа сэлгээнд эдийн засаг ч давхар хохирч байна гэсэн үг.

“АН-ЫНХ БОЛ БОР ХАЛЗАН ХОНИЙГ Ч ЧӨЛӨӨЛНӨ”

Парламентад үнэмлэхүй олонх болсон, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн албыг төрлийн болгохгүй гэдгээ амалж суусан МАН-ынхан яг л ийм бодлого хэрэгжүүлж байна гээд хэлчихэд буруудахгүй биз.

Төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо 186458. Үүний 130 мянга орчим нь цэрэг цагдаа, эмч, багш нар. Харин үлдсэн 56 мянган хүний хувьд МАН-ын гишүүн эсвэл тус намд танилтай, мөнгөтэй биш л бол ажил албатайгаа үлдэнэ гэж санахын ч хэрэггүй. Гэхдээ энэ нь зөвхөн МАН-ын үед илэрч харагдаж байгаа үзэгдэл биш юм. Намын харъяаллаар төрийн албан хаагчдыг ээлж дараалан халж солих үзэгдэл бүр 1996 оноос эхтэй. Гэхдээ 1996, 2004 онд төрийн албан хаагчдын 7-8 хувь нь хөдөлгөөнд ордог байсан бол 2012 онд 10 хувь болж өссөн, харин одоогийн эрх баригчдын хувьд 50-100 хувь буюу төрийн албанд тэр чигт нь их “цэвэрлэгээ” хийхээр бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.  

Үнэндээ АН-ын засаглалын үед зөвхөн удирдах шатны албан тушаалтнуудыг намын харъяаллаар өөрчилж байсан нь худлаа биш л дээ. Харин МАН-ын үед буюу М.Энхболдын “засаглал”-ын энэхүү он жилүүдэд төрийн дээд, дунд, доод шатны албан хаагчдын дунд халаа сэлгээ ид өрнөж, яам, агентлагаас гадна дүүрэг хороод, газар хэлтсийн ажилтнууд болон цэвэрлэгч үйлчлэгчийг нь хүртэл ажлаас нь халж, сольж байгаа тухай мэдээлэл цацагдсаар л. Эндээс харахад М.Энхболд, Ц.Сандуй нарын алдагдсан яриа үнэний ортой болж, үүнийг батлах мэт албан тушаалаар наймаалцах үзэгдэл төрийн албанд бараг жишиг болон тогтох шинжтэй байна.

ИХ ХАЛАА СЭЛГЭЭ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА!!!!

Хэдийгээр төрийн албанд өдөр өнжихгүй шахам халаа сэлгээ өрнөж байгаа ч их халаа сэлгээ эхлээгүй байгааг энд сануулъя. Өнөөдрийн халаа сэлгээ бол ердөө эхлэл, бие халаалт төдий гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн дараа үүнээс ч олон хүн ажилгүй болно гэж мөрийцсөн ч алдахгүй. Эх сурвалжуудын хэлж байгаагаар орон нутгийн сонгуулийн дараа их халаа сэлгээнд МАН аль хэдийнэ бэлтгэж, ажилд авах хүмүүсийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлчихээд, хүлээзнэж байгаа бололтой. Тэгэхээр аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуулийн дараа АН-ын үед ажилд орсон гэх шалтаанаар олон хүн ажилгүй болж магадгүй байна. МАН-ынхны хувьд 2012 оноос хойш төрд ажилд орсон хүмүүсийг 100 хувь солих, 2008 оны хамтарсан засгийн үеийн АН-ын хүмүүсийг гудамжинд гаргах бодлого барьж байгаа гэнэ.  Уг нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах Төрийн албаны зөвлөл гэж бий. Даанч,  Төрийн албаны зөвлөл нь өөрсдөө МАН-ынхны дарамт шахалтад орчихоод байгаа юм билээ.

МАН-Д ӨГӨХ САНУУЛГА

2014 онд өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа Төрийн албанд өрнөж байгаа халаа сэлгээг эсэргүүцэж, шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхийг АН-аас шаардаж байжээ. Харамсалтай нь, томдсон бялуундаа пологтсон эрх баригчид энэ үгээ идсэн хоолтойгоо холиод идчихжээ гэхэд буруудахгүй биз. Чухамдаа ялсан нам нь гарч ирээд толгой дараалан төрийн албаныхныг халж, сольсоор байвал Монголын төрийн албаны хууль, дүрэм зөвлөл гэж байх шаардлага байна уу. Аль нэг ялсан нам нь ах дүүгээ ажилд авна гээд заачихвал арай шударга, илүү хялбар байх биз.

Төрийн албыг ийнхүү дөрвөн жилийн давтамжтайгаар “цэвэрлэж”, тэг цэгээс эхэлж байх юм бол Монгол төрийн дархлаа, үнэлэмж, үнэ цэнийн тухай ярих ч хэрэггүй болох нь. Өдөр бүрийн хэвлэлээр цацагдаж буй хэн нэгнийг халж сольсон тухай мэдээллийн ард улс орны тогтвортой хөгжлийн бодлого ч алдагдаж байгааг хэлэх юун. Гадаадын хөрөнгө оруулалтын газраа татан буулгаснаас болоод гадаадын хөрөнгө оруулагчид хаана, хэнд хандахаа ч мэдэхээ байсан гэнэ лээ.

Энэ мэтээр бүтцийн өөрчлөлт нэрээр яам агентлагуудаа өөрчилж, эцэс төгсгөлгүй халаа сэлгээ явуулж байгаа эрх баригчдад хандаж эзний алба ээлжтэй, хааны алба халаатайг сануулъя. Төрийн албаны энэхүү тэг зогсолт Монгол төрийг төр биш болгосоор  байгааг л харин анхааруулах нь зүй ёсных биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж