Монгол орны нийт нутгаар урьд шөнөөс эхлэн хүйтэрч, нойтон цас орж байна. Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас орон нутгийн зарим замд халтиргаа, гулгаа үүсчээ. Зарим амйгийн нутагт одоо ч цасан шуургатай байна. Улаанбаатараас хойд чиглэлд 61-ийн гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим цас бороо холилдон орж, автозамд халтиргаа үүссэнийг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Мөн Өвөрхангай аймагт нойтон цас орсон бол Завхан Тосонцэнгэл, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумдад бороо оржээ. Харин Баянхонгор, Ховдын чиглэлд цасаар шуурч байгаа гэнэ.
Маргааш ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Тус газраас гаргасан мэдээллээр аравдугаар 6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Тиймээс малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчид төдийгүй хөдөө орон нутгт зорчихоор зорьж байгаа хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Д.ЦЭЭЛ