Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр /2016.10.04/ уригдсан хүндэт зочид бол “Большой” театрын уран бүтээлчид байлаа. Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан “МӨНХИЙН НӨХӨРЛӨЛ” тоглолтод тэд уригдан оролцсон юм. Энэхүү тоглолтод ОХУ-ын удирдаач, Гавьяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Ардын жүжигчин Казаков /басс/, Их театрын гоцлол дуучин Е.Манистина /меццо сапрона/, Е.Маразова /сопрано/ нараас гадна ДБЭТ-ын Ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин Ч.Энхтайван, Э.Бумхүү, Б.Батжаргал, Б.Энхнаран нарын уран бүтээлчид оролцлоо.
“Мөнхийн нөхөрлөл” тоглолтод хоёр орны театрын гоцлоочид “Руслан, Людмила хоёр”, “Хованщина”, “Гилбэрийн хатан”, “Севилийн үсчин”, “Чио Чио Сан”, “Трубадур”, “Травиата” зэрэг олон дуурийн аригаас сонордуулсан юм.
“Мариинский” театрын удирдаач Александр Маркович Поляничко хоёр жилийн өмнө “Монголын алтан хоолойтнууд” тоглолтыг Москвагийн “Большой” /Их театр/ тайзнаа удирдан тоглуулж байсан билээ. Тэрээр “Монголын сонгодог урлагийн талаар багагүй ойлгох болсон. 2014 онд “Большой” театрт болсон “Монголын алтан хоолойтнууд” тоглолтыг удирдан завшаан надад санамсаргүй олдож байлаа. Тэр бол маш бэлэг болсон. Монгол дуучдыг мэдэх болсон тэр цагаас Улаанбаатарт ирэхийг хүсэж байлаа. Өнөөдөр Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын тайзнаа энэхүү хүндтэй тоглолтод оролцож байгаад сэтгэл туйлын их баяртай байна. Дэлхийн тавцанд гарсан басс хоолойтнуудын нэг бол М.В.Казаков. П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминд Казаков дуулж, би удирдан тоглуулж, маш олон театрт очсон. Их театрын одод болох гоцлол дуучин Е.Манистина, Е.Маразова нартай дахин хамтран боломж олдлоо. Мөн Монголын сонгодог урлагийн шинэ цагийн ододтой нэгэн үдэш тоглоно гэдэг бол миний хувьд туйлын их ховор завшаан билээ. “Мөнхийн нөхөрлөл” тоглолт гайхалтай байлаа” гэж сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
ОХУ-ын гавьяат жүжигчин, Москва хотын “Большой” театрын гоцлол дуучин Елена Манистина хэлэхдээ “Урлаг тэр дундаа сонгодог урлаг бол хүний амьдралыг баяжуулж өгдөг гэж би боддог. Сонгодог хөгжим хүний сэтгэлд их сайхан тод мэдрэмжийг үлдээж чаддаг. Хоёр жилийн өмнө “Большой” театрын тайзнаа хамтран дуулж байсан уран бүтээлчтэйгээ өнөөдөр дууллаа. Гайхалтай үдэш байлаа. Сэтгэл их хөдөллөө. Сонгодог урлагт дуртай Монголын үзэгчийг харах сайхан байлаа. Надад Монголын тайзнаа дуулах завшаан тохиож, шинэ уран бүтээлчидтэй хамтрах боломж олдсонд баяртай байна” гэсэн юм.
Ингээд “МӨНХИЙН НӨХӨРЛӨЛ” тоглолтын фото агшнаас хүргэж байна.
Ч.БОЛОР