”Хүрхрээ” дээд лигийн хүрлийн төлөөх тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

”Хүрхрээ” дээд лигийн хүрлийн төлөөх тоглолт болно

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, "Арвайн үндэс" ХХК-тай хамтран ажилласнаас хойш үндэсний дээд лигийнхээ алдрыг "Хүрхрээ" болгон шинэчилж, хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд лигийн журманд өөрчлөлт орсноор 10 багтай анхны улирлаа өнгөрүүлсэн ба 9, 10-р байрт орсон багууд ирэх жилээс "Хүрхрээ" нэгдүгээр лиг рүү унах юм. Түүнчлэн "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т өрсөлдсөн 10 багийг тэргүүлсэн "Гоёо", "Атлетик 220" багууд дараа жилээс "Хүрхрээ" үндэсний дээд лигт оролцох эрхтэй болжээ.


"Хүрхрээ" дээд лигийн 16 тойргийн дараах байдлаар өнгөрсөн жилийн аварга "Эрчим" цомоо хамгаалах эрхтэй болоод байна. Харин "Дулааны цахилгаан станц"-ын баг 1996 оноос хойш зохиогдож буй үндэсний дээд лигийн тэмцээнд 10 дахь түрүүгээ авах болзол хангажээ. Мөнгөн медалийг Орхон аймгийн "Хангарьд" клуб энгэртээ зүүх нь тодорхой болсон бол хүрэл медалийн эзэн хараахан тодроогүй байна.

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн хүрэл медалийг булаалдахаар "Хоромхон", "Улаанбаатарын унаганууд" сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтыг хийнэ.

Аравдугаар сарын 09-нд буюу ирэх ням гаригийн 16:00 цагаас эхлэх энэхүү тоглолтын дараа хүрэл медалийн эзэн тодорч, "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хаалтын үйл ажиллагаа 18:00 цагаас болно.

Энэ үеэр МХБХ-ны талбайн гэрэл албан ёсоор нээлтээ хийж, "Монголын хөлбөмбөгт тод гэрэл" асна.

Үндэсний дээд лигийг орхиж буй "УБ Мазаалайнууд", "ШМ Баянгол" багууд тэрхүү гэрэл шиг гэрэлт сайхан ирээдүйг төлөвлөн ирэх жилийн "Хүрхрээ" нэгдүгээр лигтээ зодоглох ажээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж