Спортын арбитрын шүүх (CAS) Оросын теннисчин Мария Шараповагийн сэргээш хэрэглэсний төлөөх шийтгэлийн хугацааг хоёр жилээс нь бууруулахаар шийдлээ. Ингэснээр Мария Шарапова 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн тэмцээнүүдэд оролцох эрхтэй болов. Энэ тухай Оросын Теннисийн холбооны Ерөнхийлөгч Шамиль Тарпищев мэдэгджээ.
“Шийтгэлийн хугацааг хассан нь сайн хэрэг юм. Шарапова “цэвэр” тамирчин учраас бидний хүсэлтэд нааштай хандлаа. Өмнөх төвшиндөө хүрч чадах эсэх нь одоо өөрөөс нь хамаарна. Гэхдээ бид түүнийг Оросын шигшээд тоглон бидэнд дараагийн олимпийн аваргыг авчраасай гэж хүсч байгаа” хэмээн Тарпищев хэлжээ.
Тарпищев сэтгүүлч нартай уулзахдаа, Шарапова өөрөө хориотой мельдони эм хэрэглэсэн гэдээ хүлээн зөвшөөрсөн нь хугацааг багасгахад нөлөөлсөн гэдгийг бас онцолсон байна.
Зургадугаар сарын 8-нд Олон улсын теннисийн холбоо (ITF) Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг хоёр жилийн хугацаатайгаар 2018 оны нэгдүгээр сар хүртэл хассан юм. Үүний дараа гуравдугаар сард хориотой эм хэрэглэж ирснээ хүлээн зөвшөөрсөн 29 настай тамирчин бүсгүй Спортын арбитрын шүүхэд хандан шийтгэлийг буулгаж өгөхийг хүссэн байв.
Шарапова нь “Их дуулга” цувралын таван удаагийн ялагч бөгөөд Оросын шигшээгийн бүрэлдэхүүнд Холбооны цомыг авч байлаа. Тэрээр Лондоны олимпийн ганцаарчилсан тоглолтын мөнгөн медальтан юм. Нэгэн цагт дэлхийн эмэгтэй теннисчдын чансааг тэргүүлж байсан Шарапова одоо уг чансааны 96-д бичигдсэн байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР