Ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй болжээ

Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 324 мянган тонн үр тариа, 126 мянган тонн төмс, 72 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна.

Ургац хураалтын явцыг хувиар тооцвол үр тариа 60 хувь, төмс 82 хувь, хүнсний ногоо 72 хувийн гүйцэтгэлтэйг Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Улсын хэмжээнд дүгнэвэл ургац хураалт Булган, Төв, Сэлэнгэ аймгуудад эрчимтэй, баруун, зүүн аймгийн нутгаар цаг агаар тогтворгүй, үр тарианы болоц болоогүйгээс шалтгаалж удааширчээ. Хэнтий аймгийн хойд талын сумдад хүйтэрч, цас, бороо орсны улмаас тариаланчид есдүгээр сарын 04-ээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 хоногт нь л тариа, ногоогоо хураан авсан байна. Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудад өчигдрөөс эхлэн цас орж тус бүс нутгийн үр тариа хураалт хойшлогдох, ургац алдах эрсдэлтэй болсныг салбарын яамнаас нь тодотголоо. Баруун аймгуудаас гадна Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдад цас орж, тариалангийн талбайд чийг унажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 08-ны өдрийг хүртэл Монгол Улсын нийт нутгаар сэрүүсч, цас орох юм.

Тариалангийн бүс нутгаар цаашид үргэлжлээд цас орвол ургац хураалтаас хаягдал гарахаас гадна ангилаад удсан, үтрэм дээрээ хураасан их хэмжээний буудайны хорогдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ намрын ургацыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ахиу ч, ургацын хаягдал их гарчээ. Мөн тариаланчид их хэмжээгээр хураасан тариагаа гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-д нийлүүлэх явц, тээвэрлэлт удаан буйгаас шалтгаалж, үтрэм дээр хураалттай удсан буудай чийг зохиж, чанар нь алдагдан хаягдах болжээ.

Буудайны чанарын тухайд тариаланчдын одоогоор ТЭДС, “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Од” зэрэг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн 120 мянган тонн улаан буудай нь 25 хувийн цавуулагтай,  чанар сайн байсан гэлээ. Харин Өвөрхангай, Архангай аймгуудад тариалсан буудай чийг ихтэй байгаа учраас чанар бага зэрэг тааруу, цавуулгын хэмжээ нь буурсан байна. Цаг агаар тогтуун, хур тунадас их орохгүй бол аравдугаар сарын 15-ний дотор ургацаа хурааж дуусна гэж салбарын яам нь тооцсон байх юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж