Хулгайч нар яагаад Кардашианыг онилох болов?

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Хулгайч нар яагаад Кардашианыг онилох болов?

-Карл Лагерфелд Кардашианд хандан “Эд хөрөнгөө бусдад битгий гайхуулж бай” хэмээн сануулжээ-

Ким Кардашиан өнгөрөгч даваа гаригт /2016.10.03/ шөнийн 03 цагт Парис дахь зочид буудлын өрөөндөө дээрэмдүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг угаалгын өрөөн дотор гар хөлийг нь хүлэн түгжиж, үнэт эдлэл, хоёр гар утсыг хулгайлсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд гүн шоконд орсон байна.  

Ким Кардашиан инстаграм хуудсандаа 80 сая дагагч, твиттер хуудсандаа 48 сая дагагчтай олон нийтийн сүлжээний хамгийн алдартай од юм. Парисын цагдаагийн газрын дарга Жоанна Примевертийн CNN-д мэдээлснээр түүний дэлхийн хэмжээний одын байр суурь, дээрээс нь олон нийтийн сүлжээн дэх сая сая дагагчтай аккаунтууд нь хулгайч нарын нүдэнд өртөх шалгаан болсон гэж үзэж байна.

Ким Кардашианы аравдугаар сарын 1-ний өдөр дээрэмдүүлсэн бөгжнийхөө зургийг ийнхүү инстаграмдаа нийтэлжээ

Ким нь 10 сая долларын үнэтэй алмазан шигтгээтэй бөгж болон хоёр гар утсаа дээрэмдүүлэхээсээ хоёр өдрийн өмнө нөхөр Канье Уэстээс бэлгэнд авч байсан алмазан бөгжнийхөө зургийг инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Олон нийтийн сүлжээ нь Ким Кардашианы карьерт үлэмж хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд Твиттер, Инстаграм, Снапчатаар  өмссөн хувцас, зүүсэн гоёл зүүлтээ нийтлээд байдаг нь ийнхүү дээрэмдүүлэхэд хүргэсэн хэмээн олон хүмүүс үзэж байгаа аж.

Дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфелд түүнийг дээрэмдүүлсэн талаар ширүүхэн үг  хэлээд авав.

Зүүн гар талаас Ким Кардашиан Уэст, Карл Лагерфелд

 Тэрээр хэлэхдээ:

“Тэр зочид буудалдаа яагаад хамгаалагчгүй байсныг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Хэрвээ чи алдартай, дээрээс нь бүх үнэт эдлэлийнхээ тухай интернетэд нийтэлдэг бол хэн ч орж чадахааргүй тийм зочид буудлын өрөөнд байрлах ёстой. Чи өөрийн үнэт эдлэл, эд хөрөнгөө олон нийтэд дэлгэчихээд дээрэмдүүлчихлээ гээд гайхаад байх хэрэггүй ” гэж сануулжээ.

Эх сурвалж: Harpers Bazaar, CNN

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж