Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хүмүүсийн аз жаргалаар бялхсан бяцхан тосгон байдаг. Ядуу тариачны охин Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад чин сэтгэлээс дурласан байлаа. Охин ойд цэцэг түүж яваад ан хийхээр ирсэн хааны ханхүүтэй учирч, тэд хайр сэтгэлтэй болжээ. Ханхүү Альберт охинд үргэлж цэцэг бэлэглэдэг байв. Тэр ойн нэгэн гацаанд байшин хөлслөн амьдардаг байсан тул Жизель дурлалт залуугаа язгууртан гэдгийг мэддэггүй байлаа. Харамсалтай нь, тэдний үлгэрийн юм шиг аз жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн цагдаа Ганс түүний хайртай залуу Альбертыг тариачны хувцас өмссөн язгууртан гэдгийг илчилснээр бүх зүйл өөрчлөгдлөө.
Жизель хайртай хүнийхээ худал хуурмагт гомдон, сэтгэлээр унаж шаналсаар ухаан санаа нь самуурч, эцэстээ амьсгал хураажээ.
Уй гашуу, ганцаардлын туйлд хүрч, хүний биеийг орхин одсон охин дээр сүнсний хатан ирж, түүнийг цэцгээр илбэджээ. Ингээд Жизель бүтэлгүй хайр дурлалаасаа болж өөр ертөнцийнх болсон охидын сүнстэй шөнө бүр бүжиглэдэг болов.
Нэгэн өдөр ханхүү охины булшин дээр ирж, толгой гудайлган суулаа. Тэр маш их харамсал тээсэн нь илт. Жизелийн сүнс түүнтэй бүжиглэхийг хүсч байлаа. Тэд бүжиглэв… Шөнөжин бүжлээ. Үүр цайх үед дурлалт хоёр бие биенээсээ хагацаж ядсаар бүсгүйн сүнс булшиндаа оров. Гэтэл дараагийн шөнө нь охинд сэтгэлтэй байсан ойн цагдаа Ганс Жизелийн булшин дээр цэцэгтэй иржээ. Тэр бас л гунигтай… Ойн цагдааг гэнэт охидын сүнс тойрон бүчиж, түүнээс хэн нэгний хариуг авах мэт хаашаа явуулахгүй хашсаар хавцал руу түлхэн унагаав.
Удалгүй гүн Альберт дахиад Жизелийн сүнстэй уулзахаар ирсэн байлаа. Охидын сүнс энэ удаа түүнийг зүгээр явуулахыг хүссэнгүй. Жизель хайртай залуутайгаа яг л амьд мэт, хамт мэт мэдрэмжийг амсч байх мөчид сүнсний хатны ятгалгаар охидын сүнс Альберт гүнг хавцал руу бүчин унагааж дөнгөв. Тэд охидын хайр сэтгэлээр тоглосон хуурамч эрийг залхаан цээрлүүлж, хариугаа авахыг хүсчээ…
Дуурь, бүжгийн эрдмийн театрын жил бүрийн тоглолтын хуваарьт багтдаг “Жизель” балетаар театр нээлтээ хийх гэж байна. Театр хөшгөө нээхэд гуравхан өдөр үлджээ.
“ЖИЗЕЛЬ” 175 НАСТАЙ
Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан "Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм.
Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү бүжгэн жүжгийг Романтизмын үеийн шилдэг бүтээл гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгээ бичихийн тулд “Жизель”-ийн хөгжмийг нарийн судалж, санаа авсан гэдэг.
"Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын "Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Харин Монголын театрын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх “Жизель”-ийг авчирсан.
АНХНЫ ЖИЗЕЛЬ
Зууны манлай, Ардын жүжигчин Ю.Оюун Монголын анхны Жизель. Тэр бас “Хунт нуур”-ын анхны гоцлооч. ДБЭТ-ын тайзнаа 37 дахь жилдээ тоглох гэж буй “Жизель” бүжгэн жүжгийн анхны тавилтыг Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа удирдаж, ДБЭТ-ын одоогийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх туслах удирдаачаар ажиллаж байжээ.
ЖИЗЕЛЬД Б.САРУУЛ
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улирлын нээлт аравдугаар сарын 08-нд болно. Уламжлал ёсоор сонгодог урлагийн шинэ улирлыг нээж буй "Жизель”-д ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул, Г.Батчимэг, Альбертэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар тоглоно. Б.Саруул бол Монголын балетийн түүхэн дэх хар, цагаан хунгийн дүрийг хоёуланг нь бүтээсэн дөрвөн бүсгүйн хамгийн отгон балетчин билээ.
“Жизель”-ийг “Ла Скала” театрын удирдаач Стефано Сальваторе удирдана. Жил бүр тоглолтын хуваарьт багтдаг “Кармен”, “Хунт нуур” зэрэг дуурь, бүжгэн жүжгээс гадна “Гүнгэрийн гүнж” дуурь, “Айда” дууь үзэгчдийн хүртээл болно.
МОНГОЛД ИРСЭН “ЖИЗЕЛЬ”-ҮҮД
“Жизель”-ийг 1979 онд Монголын тайзнаа тавьсан цагаас хойш өнгөрсөн жилийг хүртэл нэг ч удаа өөрчлөөгүй байв. Харин өнгөрсөн жил /2015.06.12/ буюу 36 жилийн дараа театрын тэргүүн гоцлооч О.Ганцоожийн шинэ дэглэлтээр олны хүртээл болж, ганцхан удаа тавигдсан тоглолтын Жизелийн дүрийг Лорета Самрскэйл хэмээх Английн балетын шинэ од бүтээсэн билээ.
Монголд тавигдаж байсан хамгийн онцлог “Жизель” гэвэл “Монголын балетын хөгжил сан”, урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гийн дэмжлэгтэйгээр 2012 оны нэгдүгээр сард олны хүртээл болгосон тоглолтыг нэрлэж болно. Жизелийн дүрээрээ дэлхийд гайхагдсан бүжигчин, Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо энэ үед Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн урилгаар Монголд ирж, Жизелийн дүрийг бүтээсэн юм.
“ЖИЗЕЛЬ”, “КАРМЕН”, “ХУНТ НУУР”-ТАЙ АРАВДУГААР САР
Аравдугаар сар сонгодогийн үзэгчдийн хувьд тааламжтай өдрүүд байх болно. Дуурийн театр аравдугаар сарын 08-нд “Жизель” балетаар нээлтээ хийснээр дараах бүжгэн жүжиг, дуурийг үзэгчдэдээ бэлэг болгон тайзнаа амилуулахаар болжээ.
- Аравдугаар сарын 08-нд 17.00 цагаас А.Адан “Жизель” балет
- Аравдугаар сарын 09-нд 17.00 цагаас А.Адан “Жизель” балет
- Аравдугаар сарын 15-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
- Аравдугаар сарын 16-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
- Аравдугаар сарын 22-нд 17.00 цагаас Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь
- Аравдугаар сарын 23-нд 17.00 цагаас П.И.Чайковский “Хунт нуур” балет
- Аравдугаар сарын 29-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
- Аравдугаар сарын 30-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
А.АДАН "ЖИЗЕЛЬ"
Хоёр бүлэгт балет
Хөгжим: А.Адан, Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж
Удирдаач: Стефано Сальватори
Хөрвүүлэн тавьсан: Ф.Г.Кайдани
Хөтлөх найруулагч: Ц.Чинзориг
Тайзнаа анх тавигдсан: 1841.06.28
Уран бүтээлчид:
- Жизель – Б.Саруул /СТА/ , Г.Батчимэг /СТА/
- Альберт – О.Ганцоож /СТА/, Э.Эрдэнэболд
- Ганс – А.Өлзий-Орших /СТА/, Э.Эрдэнэжаргал /СТА/
- Мирта – Б.Баасансүрэн /СТА/
- 2 виллис – О.Анужин /СТА/, Г.Батчимэг/СТА/ , Б.Саруул /СТА/
- Па-де-де – Г.Батчимэг/СТА/, Т.Хан-Очир, О.Анужин /СТА/
- Батильда – Б.Энхтуул /СТА/, Б.Туул /СТА/
- Герцог – Х.Чойжилсүрэн /СТА/, Х.Мөнгөнхөлөг /СТА/
- Ээж – Р.Байгалмаа /СТА/
- Зэвсэг агсагч – Ц.Төмөрсүх /СТА/
УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, найрал дуучид, ХБК-ын оюутан сурагчид оролцоно.
Б.БАЯСАХ