АН-ын бүлэг: Бондын төлбөрийг хийх хугацаа болоогүй

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг: Бондын төлбөрийг хийх хугацаа болоогүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.10.05/ өргөтгөсөн хуралдаан хийж, Монгол Улсын 2017 оны төсөв болон орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцжээ. Хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна орон тооны бус зөвлөхийн гишүүд болох УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Д.Ганхуяг нар оролцсон байна.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Бүлэг ирэх оны төсвийн төслөөс өөрчлөлт, шинэчлэлт харагдахгүй байна хэмээн дүгнэжээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ний 9,9 хувьтай буюу нийт 2,6 их наяд төгрөг байхаар орж ирлээ. 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр төсвийн алдагдал 1,7 их наяд хүрнэ гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2,6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт гарахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна.

2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2,8 их наядаар орж ирсэн. Энэ нь 2,6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2,8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрийг гадаадын болон дотоодын зах зээл дээр юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8,5 их наяд төгрөг гэж тодотгосон.  Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6,9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно” гэлээ.

2017 оны төсвийн хуулийн төслийг судлах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ нар багтжээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хувиарлалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна. Мөн Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах зэрэг зохион байгуулалттай зүйл ажиглагдаж байна” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ирэх онд өр, зээлийн төлбөр нийлээд 6.6 их наяд төгрөг шаардлагатай болно гэх юм. Чингис бонд, Самурай бондын төлбөрийг зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөхгүй, яагаад төсөв үүрэх болоод байгаа юм бэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-“Чингис” бондын төлбөрийг хийх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр гэнэт энэ бондын өр тулаад ирсэн юм шиг эрх баригчид яриад байгаа. 2017 оны төсвийн төсөлд Ардчилсан намын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өр авлага төлөгдөнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Уг сурвалжийг судлахаар  “Чалко”-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ  ханштай уялдуулж тогтоосон.  Зээлээ  төлж дуусах хүртэл хугацаанд  уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна.  Ер нь 2017 оны улсын төсөвт эдийн засгийн реформ хийгдээгүй.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна.

Орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж   2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард  энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан.  2017 оноос эхлээд  тэтгэврээ тогтоолгох  иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

-Хэмнэж болох зардлуудыг танасан уу?

-Хэмнэж болох зардал маш олон байгаа. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно.  Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөгийг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг хэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна. Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ.  Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.

– “Эрдэнэт”-ийн асуудлыг бүлгийн хурлаар ярьсан уу?

Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ж.Батзандан хоёрыг энэ асуудлыг судлах үүрэг өгч ажиллуулахаар болсон. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдан  авах процесс явагдсан. Энэ асуудалд хуулийн хүрээнд яаж явагдсан, хууль зөрчсөн нь үнэн үү,  худал уу гэдгийг баримтаар баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа.  Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж