Монгол Улс сүүлийн гурван жилд шүүхийн хөрөнгө оруулалтыг тэглэсэн бөгөөд шүүхэд нэг тоосго ч нэмж барих төсөвгүй болжээ. Нурах аюултай, хөгц мөөгөнцөрт баригдсан, актлагдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд олон гэдгийг салбарынхан нь хэллээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж буй шүүх ч бий. Уг нь шүүх хараат бус байх ёстой. Гэвч Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүрийг үзжээ.
ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газрын байрыг Монголын аж ахуйн нэгжүүд түрээсэлсэнтэй холбоотой маргаантай хэрэг жилд 10 гаруй удаа гарч, тус шүүхээр шийдүүлдэг. Харин зарим хэргийн оролцогчид танайх өөрсдөө түрээсийн байранд байж, энэ хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй шийдэж чадах уу хэмээн ам асуух тохиолдол ч гардаг талаар шүүгч ярилаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь сум дундын шүүх, шүүх хуралдааны ганц танхимтай. Шүүх хуралдааны танхим нь прокурорын байранд байрладаг төдийгүй шүүгч нар зөвлөлдөх тасалгаандаа орохдоо түр саатуулах өрөөгөөр дамждаг аюултай нөхцөлд шүүн таслах ажиллагааг явуулдаг гэлээ.
Шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүгчийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй хүндхэн нөхцөлд Монголын шүүгч нар ажиллаж байгаа хоёрхон жишээг дурдахад ийм байна. Цаашид шүүхийн хөрөнгө оруулалтад анхаарахгүй бол шүүх засаглалын хараат бус байдал, шүүгчийн амь насанд ч халгаатай нөхцөл байдал бүрдсэнийг салбарынхан нь онцолсон юм.
Д.УУДАМ
Зураглаач Н.БАТМӨНХ