Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Санал хураалт явагдахад хэдхэн хоног үлдсэн байгаа тул Нийслэлийн дүүргүүдээс сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгааг тодрууллаа.
Баянгол дүүрэгт 82 нэр дэвшигч өрсөлдөнө
Баянгол дүүргийн Сонгуулийн хорооны дарга Г.Батбаяр “Баянгол дүүргийн хувьд сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явагдаж байна. Манай дүүрэгт хоёр намаас 82 нэр дэвшигч өрсөлдөнө. Бид сонгогчийн нэрсийн жагсаалтыг санал авах байруудад байршуулсан. Сонгогчид өөрийн хорооны санал авах байранд очоод нэрсийн жагсаалттай танилцаж болно. Хэрэв тухайн сонгогчийн мэдээлэл зөрүүтэй байвал аравдугаар сарын 5-ны дотор гомдол гаргах эрхтэй. Орон нутгийн сонгуулийн саналыг өмнө нь УИХ-ын сонгуулийн санал авсан байран дээр явуулна. Гэхдээ хоёр санал авах байрны хаяг өөрчлөгдсөн байна. Тодруулбал, 10-р хорооны иргэд өмнө нь “Наран” дэлгүүрийн байранд санал өгч байсан бол энэ удаад “Гурван өндөр” дэлгүүрийн байранд санал өгнө. Мөн 23-р хорооны иргэд өмнө нь 57-р цэцэрлэгийн байранд санал өгч байсан бол энэ удаад 23-р хорооны цогцолбор байранд санал өгнө” гэлээ.
Хамгийн олон нэр дэвшигчтэй нь Баянзүрх дүүрэг
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан хэлэхдээ:
-Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явагдаж байна. Манай дүүргийн хувьд 129 нэр дэвшигч бүртгүүлсэн. Бүртгэлийн явцад 13 бие даагч, Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ нэр дэвшсэн найман нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Одоогийн байдлаар бие даагчид шүүхээр давж заалдаад явж байгаа. ХҮН-ын найман хүн гомдол гаргаагүй байна. Санал өгөх байруудын хаяг өмнө нь УИХ-ын сонгуулийн санал авсан байран дээр явагдана гэлээ.
Сонгинохайрхан дүүрэгт 86 нэр дэвшигч өрсөлдөнө
Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй “Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явагдаж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр санал авах хороонд ажиллах ажилчдыг сургалтанд хамруулахаар төлөвлөж байна. Манай Сонгинохайрхан дүүрэгт нийтдээ 86 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн” гэлээ.
Хоёр нэр дэвшигч шүүхэд ханджээ
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
-Манай дүүрэгт дөрвөн намаас 72 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Бүртгэлийн явцад маргаантай гэж үзсэн хоёр нэр дэвшигчийг бүртгээгүй. Тэд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хүрээнд явагдаж байна. Санал авах хороодод ажиллах хүмүүсийг сургалтанд хамруулсан. Санал авах байр өмнө нь УИХ-ын сонгуулийн санал өгсөн хаяг дээр явагдах болно” гэсэн юм.
Сонгуулийн хэсгийн хороодын хаяг өөрчлөгдөөгүй
Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны дарга У.Ичинноров “Манай дүүрэгт таван намаас 98 нэр дэвшигч өрсөлдөнө. Нэр дэвшигчийг бүртгэх явцад маргаантай гэж үзээд нэг хүнийг бүртгээгүй. Одоогоор энэ асуудал шүүхийн шатанд явж байна. Сонгуулийн хороодод ажиллах ажилчдаа сургалтанд хамруулсан. Санал авах ажиллагаа өмнө УИХ-ын сонгууль явагдсан хаяг дээр хэвээр явагдана” гэв.
Бүртгэлд ороогүй бие даагч шүүхэд ханджээ
Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга М.Энхчимэг “Манай дүүрэгт хоёр намаас 69 нэр дэвшигч өрсөлдөнө. Бүртгэлийн явцад нэг бие даагч бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн боловч маргаан гарсан тул бүртгэхээс татгалзсан. Одоогоор энэ асуудал шүүхийн шатанд явж байна. Сонгуулийн хороодод ажиллах ажилчдаа сургалтанд хамруулсан, бэлтгэл ажил хуулийн хүрээнд хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бие халаалт иймэрхүү өнгө төрхтэй явагдаж байна. Хөдөө сумдын хувьд бэлтгэл хэр байгааг бид цувралаар мэдээлэх болно.