-“Улаанбаатар” зочид буудлын урд уулзвараас төв талбайн зүүн өмнөх уулзвар, зүүн өмнөх уулзвараас нь баруун өмнөх уулзвар хүртэлх багахан зайд зорчих замын нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэх гэж буй автомашиныг нэгдүгээр эгнээгээр явдаг болгочихвол бусад эгнээний ачааллыг бууруулахад дөхөм болно гэдэгтэй мөрийцсөн ч болно-
Холбогдох байгууллагууд зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийснээ танилцууллаа. Ингэснээр уулзвараар нэвтрэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ. АНУ-ын инхэнх мужид улаан гэрэл дохиогоор баруун гар тийш эргэхийг зөвшөөрдөг. Зарим мужид нь үүнийг тодорхой болгохын тулд баруун гар тийш чиг заасан ногоон өнгийн сум бүхий байнгын асаалттай нэмэгдэл гэрэл дохиог суурилуулсан байдаг. Харин улаан өнгийн чиг заасан гэрэл дохио нь тухайн чиглэлд эргэхийг хориглоно. Энэ нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээр эгнээгээр баруун эргэх гэж буй машин гэрэл дохиог хүлээн түгжрэл үүсгэхгүй. Дээр нь бусад эгнээнээс ирж буй машинд төдийлөн саад учруулахгүй. Өглөө ажлын цаг эхлэхэд эргэх зам нь хоосон байхад нэгдүгээр эгнээний замууд түгжирчихсэн харагдах нь олонтаа. Шалтгаан нь гэрэл дохио нь бусад чигээрээ явах дохионоос хамаагүй богино хугацаанд асдаг. Тиймээс чигээрээ явах урсгалаар урагш дөхөж байгаад гэр дохионы наана ирээд нэгдүгээр эгнээ рүү дохиотой, дохиогүй дайрна. Нөгөөх нь бас л яарч яваа юм болохоор эгнээ байраа эзлээгүй явсан нөхөрт зам тавьж өгөхгүйг хичээн зүтгэнэ. Үүнээсээ болоод шүргэлцээд, таг гацаачих нь ч бий. Үгүйдээ эгнээ байраа буруу эзлээд уулзварын эхэнд очоод баруун эргэх урсгалд зогсчихоод чигээрээ явах дохиог хүлээн түгжрэл үүсгэх ч тохиолдол бишгүй бий.
Албаны хүмүүс нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой гэдгийг хэлж байна. “Тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм” гэж тэд онцолж байна. Өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудад ч дээрхтэй адил давуу эрх олгохоос татгалздаг.
Энэ арга үр дүнгээ өгвөл бид бага ч болов түжрэлд “дугжирдаггүй” болно. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатарыг тойрсон 700 гаруй километр замаас 250 орчим километр замыг нь сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр барьжээ. Ингэхдээ 100 орчим уулзварыг өргөтгөн, шинэчилсэн байна. Саппорогийн тойрог дөрвөн замын уулзвар, нэгдүгээр хорооллын арын замыг гурван замын уулзвар болгосноор түгжрэл хэрхэн багасч хөдөлгөөний эрчим сайжирсныг энд дурдах нь илүүц биз. Замын цагдаагийн газраас мэдээлж байснаар сүүлийн гурван жилд Улаанбаатар хотын замын ачаалал 40 хувиар буурсан гэх мэдээлэл бий.
Магадгүй тэдний яриаг сонсоод “мөн бурав аа” гэж та эгдүүцэж байж болно. Гэхдээ тэдний хэлсэн үнэний ортой. Учир нь нийслэлийн тээврийн хэрэгсэл жилд 25-30 мянган авто машинаар нэмэгдэж байгаа гэсэн статистик байна.
Тиймээс түгжрэлгүй явъя гэвэл илүү зөв зохицуулалт бидэнд хэрэгтэй гэсэн үг.
Тэгвэл надад нэгэн санал байна. Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явдаг болгосон. Энэ их хотын тал орчим хувийнх нь таашаалыг хүлээж, түргэн шуурхай явах боломжийг бүрдүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ заасан завсар оруулчихмаар санагддаг юм. Жишээлэхэд, ид ачааллын үеэр нэгдүгээр эгнээ хоосон байсан ч баруун тийш эргэх гэж байгаа автомашинууд чигээрээ явах урсгалын ачааллыг нэмэгдүүлэх хоёрдугаар эгнээгээр явдаг. Шалтгаан нь нэгдүгээр эгнээгээр явахыг хориглочихсон. Хориг зөрчвөл шууд торгууль. Зөрчил гаргагсдыг баримтжуулахын тулд камер тавьчихсан. Камерт нэгдүгээр эгнээнд зорчиж буй нь бичигдсэн л бол торгуулиа төлөхөөс аргагүй. Баруун гар тийш эргэх гэж байсан гэж мянга тайлбарлаад ч нэмэргүй. Ялангуяа “Улаанбаатар” зочид буудлын урд уулзвараас төв талбайн зүүн өмнөх уулзвар, зүүн өмнөх уулзвараас нь баруун өмнөх уулзвар хүртэлх багахан зайд зорчих замын нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэх гэж буй автомашиныг нэгдүгээр эгнээгээр явдаг болгочихвол бусад эгнээний ачааллыг бууруулахад дөхөм болно гэдэгтэй мөрийцсөн ч болно. Энэ нь бүхлээр нь өөрчилье гэсэн санаа биш шүү.
Зөвхөн нэгээс нөгөөх хүртэл богино уулзваруудад л хэрэгжүүлэхэд болно. Эцэст нь бид хувиа хичээж, бусдад хүндлэлгүй хандахын оронд аль болох хүлээцтэй,соёлтой хандвал хэн хэнд маань тустайг сануулах нь илүүц биз ээ.
Гэхдээ хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг дээ. Магадгүй уншигч танд ч амьдрал, түгжрэлээс урган гарсан мэргэн санаа байвал хотын даргатайгаа нийлээд түгжрэлгүй хотын төлөө хувь нэмрээ оруулж яагаад болохгүй гэж.