
Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжианг мужийн Хөтиэн хотын цагдаагийн хэсэг рүү зэвсэглэсэн этгээдүүд халдаж, цагдаагийн хоёр ажилтан, энгийн хоёр иргэний аминд хүрсэн хэрэг даваа гаригт гарсан талаар Синьхуа агентлагаас мэдээллээ. Зэвсэглэсэн бүлэг этгээд зургаан хүнийг барьцаалж, цагдаагийн хэсэг рүү гал нээх үеэр цагдаа нар хариу гал нээж, барьцаалагдсан иргэдийн дөрвийг нь аварсан ч хоёр нь амиа алдсан байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар Хятадын терроризмын эсрэг хяналтын байгууллага мөрдлөг, шалгалтаа явуулж эхэлжээ.
Шинжианг мужид өнгөрсөн 2009 онд 200 орчим хүн үрэгдэж, 1,800 орчим хүн гэмтэж бэртсэн үндэстэн хоорондын цуст мөргөлдөөн болж байсан бөгөөд эл явдлыг Хятадын удирдлагууд турк хэлээр ярьдаг лалын цөөнхийн бүлэг болох уйгар үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл гэж тайлбарлаад өнгөрсөн юм. 2009 оны хүчирхийлэл нь хань үндэстэн, уйгур үндэстний хооронд урт удаан хугацаанд буцалсан тэмцлийн галыг бадраасан юм. Хятадын 1,3 тэрбум хүн амын 90 орчим хувь нь хань үндэстэн юм.
Б.Энх