БНСУ-д хууль бусаар амьдарсан 822 иргэн Монголдоо иржээ

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д хууль бусаар амьдарсан 822 иргэн Монголдоо иржээ

  • БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг эхлүүлсэн. Уг аяныг энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгажээ. Визийн хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй аж.
  • БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирсэн байна.

  • Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэрийг бидэнд өчигдөр  мэдэгдсэн” хэмээн мэдээллээ.
  • Харин Сангийн яамны хэвлэлийн албаны зүгээс “Хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан учраас ирэх оны төсөвт уг үйлчилгээний төсөв тусгагдаагүй” хэмээн тайлбарласан юм.

  • Бэлдэц байхгүйн улмаас доголдоод байсан гадаад паспортын хэвлэлт хэвийн байдалд шилжсэн байна. Монгол Улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлдэцийг ХБНГУ-ын хэвлэлийн компани хариуцан ажилладаг. Гэтэл сүүлийн хоёр жилд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 70 мянгаар нэмэгдэж, гадаад паспортын хэвлэлд зориулсан төсөв хүрэлцэхээ больсон аж.

  • Төсөв шийдэгдэж, бэлдэцийг Герман улсад үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлсэн байна.

  • АНУ-ын ногоон картны сугалааны бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Уг бүртгэл ирэх 11 дүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ.
  • Сугалаанд оролцохдоо өмнөх жилийн сугалааны гэрэл зураг эсвэл шаардлага хангаагүй зураг ашиглах гэх мэт үйлдэлд сугалааны бүртгэл хүчингүй болох гэнэ. Өмнөх жил АНУ-ын ногоон картны сугалаанд 144 хүн хожиж тус улсыг зорьж байсан нь түүний өмнөх жилийнхээс 41-р буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ногоон визний сугалаанд хожих иргэдийн тоо буурсан нь АНУ ногоон виз олгох иргэдийн хэмжээг цаанаасаа тодорхой хэмжээгээр бууруулсантай холбоотой.

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзлаа.
  • Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Унгар улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны харьяа “Монгол зэс” компанид шилжүүлэхтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид үнэгүй шахам очсон. Мөн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа ч эрх мэдэлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луйврыг Засгийн газар судалж, нягтлах ёстой” гэж мэдэгдэж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг олны анхаарлын төвд авчирсан.
  • Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан /2016.10.02/ өдөр болжээ. Уг хуралдаанаас 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан бөгөөд Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна.

  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас хамтран дотоодын компаниудад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо явуулж байгаа эсэхийг шалгажээ. Энэхүү шалгалтад зочид буудал, хувийн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг хамруулсан байна. Улмаар шалгалтад хамрагдсан зарим зарим байгууллагууд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй зөрчлүүд илэрчээ.
  • Өөрөөр хэлбэл, зарим дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, ажилтан албан хаагчдынхаа цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй зэрэг илэрсэн байна.

  • Орон нутгийн оюутнууд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ. Өмнө нь харьяаллын дагуу зөвхөн нийслэлийн иргэдэд л үйлчилгээ үзүүлдгээс оюутнуудад хүндрэл учирч байсан юм. Тэгвэл энэ жилээс орон нутгийн оюутнууд тодорхой заасан эмнэлгүүдэд үзүүлэх боломжийг Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын хамтарсан тушаалаар гаргасан байна. Оюутнуудыг аймаг, аймгаар нь нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилжээ. Энэ эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үзүүлэх ч боломжтой болж байна.

  • Энэ сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн “Талын хоолой” гэдэг газарт малчин айлын 80 хонь, 18 хурга халдварт өвчний шинж тэмдэг илэрч, хонины цэцэг өвчин болох нь тогтоогджээ. Баянжаргалан сумын Засаг дарга захирамж гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн 80 хонь, 10 хургыг тусгаарлаад байгаа аж.

  • Авто тээврийн үндэсний төвийн хувьд өвөлжилтийн бэлтгэл үндсэндээ 70 хувьтай байгааг хэлж байна. Хот хоорондын, улс хоорондын, ачаа тээвэрлэлтийн, орон нутгийн гэсэн дөрвөн чиглэлд өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа аж. Техникийн үзлэгийг есдүгээр сарын 10-наас эхэлжээ. Одоогоор автобусны дагалдах хэрэгсэл, өвлийн дугуй тавих, дулаалгын ажил бүрэн дууссан гэв. Харин энэ жил хот хооронд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдөө санаачлан нэмэлт паар тавьж эхэлжээ.

  • Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ үеэр орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг  зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлахаар болсноо хэллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж