Сэтгэцийн судалгаа ноцтой үзүүлэлт харуулав

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн судалгаа ноцтой үзүүлэлт харуулав

Харамсалтай нь, эв эрүүл, сав саруул гэж хэн маань ч хэлэхэд бэрх болтлоо энэ өвчин даамжирч буй аж. Сэтгэцийн эмгэггүй ч тулгамдсан асуудалтай, өнөөдөр зүгээр ч маргааш эмгэгтэй болчих тийм нөхцөл байдалд бид амьдарч байна. Энд нийгмийн эмзэг хэсэг эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн талаар бичих нь гэж бүү эндүүрээрэй. Та өөрөө ч мэдэлгүй тулгамдсан асуудалтай болчихсон явж байх өндөр магадлалтай болсныг судалгааны дүн харуулжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, АШУҮИС-тай хамтран таван жилийн турш хийсэн “Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар тун чиг базаахгүй үр дүн дурайх нь тэр. Гэхдээ энэ судалгаа 1992 оноос хойш анх удаа улсын хэмжээнд хийсэн нэгдсэн судалгаа юм.   

Энэ судалгааны зорилгын талаар СЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Мандхай “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг үүсэхэд хүргэж байгаа тулгамдсан асуудлыг илрүүлж, сэтгэцийн эмгэгийн тархалтыг тогтоох, түүнд нөлөөлж буй зарим нийгэм, эдийн засгийн онцлогийг тогтоох зорилготой судалгаа юм” гэж тодотгов. “1984-1992 онд хийж байсан судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн гэж СЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл онцолж байна. Түүний хэлснийг батлан “Энэ оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 183 үйлдэлтэй 150 хүнд холбогдох 57 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Амбулаторийн үзлэгийн ачаалал /өдрийн үзлэгээр/

Судалгаанд хамрагдагсдын 18.5 нь сэтгэл түгшилттэй, 11.7 хувь нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаатай, 16.2 хувь нь архаг ядаргаатай, 4.4% нь сэтгэл гутралтай, 17.1% нь нойрны эмгэгтэй, 9,9% нь архины хамааралтай, 6,2% архинд донтох эмгэгтэй байжээ. Гэхдээ энэ СЭМҮТ-д хандсан хүмүүсийн судалгаа биш гэдгийг эхэнд дурдсан. Өөрөөр хэлбэл, 11 аймгийн 68 сум, Улаанбаатарын таван дүүрэг, 26 хорооны хэмжээнд 15500 хүнийг хамруулан хийсэн судалгаа юм. Монгол Улсын хэмжээнд байгаа нийтлэг үзэгдэл гэж ойлговол илүү ойртоно. Тэгвэл энэ бүхэнд юу нөлөөлж буй талаар эргэлзэх зүйлгүйгээр “Гол шалтгаан нь ажилгүйдэл, орлого, стресс” гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг Т.Мандхай шууд хэлэв.

СЭМҮТ-ийн сүүлийн 5 жилийн статистикийг харвал, 6649 сэтгэцийн өвчлөл бүртгэгдсэний шинээр бүртгэгдсэн тохиолдол 1559 нь байжээ.

Шинээр оношлогдсон өвчлөл /хувиар/

НИЙТ ӨВЧЛӨЛИЙН

  • Оюуны хомсдол 33,6 хувь нь

  • Сэтгэцийн органик шинж тэмдгийн эмгэг /Тархины гэмтэл , эсвэл өөр өвчлөлөөс үүдсэн/  21,6 хувь

  • Шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг 17,5 хувь

  • Сэтгэцэд нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг 12,6 хувь

  • Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэгүүд 11,5 хувь тус тус эзэлж байна.

Энэ бүхэн Сэтгэцийн эмгэгтэй тэмцэх өдрөөр танилцуулах багц судалгаагаар илүү тодорхой болох учраас хожим үргэлжлүүлэн өгүүлнэ гээд энэ удаад түр орхие.

АЖИЛГҮЙДЭЛ БОЛООД СЭТГЭЦИЙН ЭМГЭГ

Ажилгүй. Ажил хайсан ч авах албан газар олдохгүй. Ажил хийгээгүй учраас мөнгөгүйн, өмсөж зүүх, үмх талхныхаа мөнгөний төлөөх бодлоор толгойгоо гашилгаад бидний хэдэн мянга маань алхаж яваа билээ. Энэ нь ч хэтэрхий их стессдэхэд хүргэж, тэр нь яван явсаар сэтгэцийн эмгэгтэй болгодог аж. Мэдээж бууруулах боломж нь ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой болгох.

УУЛ МОРИЙГ, УУР БИЕИЙГ ЗОВООНО

Стрессээс үүсч буй сэтгэцийн эмгэг хотынхон илүү тохиолддог нь судалгаагаар тогтоогджээ. Үүнд түгжрэл, хүнд суртал, хоорондын харилцаа, хотын шуугиан гээд өнөөгийн Монголын бодит байдал шууд хамааралтай. Харин хөдөө, орон нутгийнханд архинд донтосноос сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол их ажиглагдсан талаар судлаачид ярьж байна.  Хөдөөгийнхөн их архи уудаг, хотынхон бага уудаг гэсэн үг биш. Ажилгүй байгаад л хамаг учир нь байгаа хэрэг. Тэгвэл цагдаагийн байгууллагын зүгээс нийт гэмт хэргийн дийлэнх хувь нь архидан согтуурсан үедээ эсвэл уурласан үедээ бусдад хохирол учруулах нь их байдаг аж. Тиймээс та аль болох өөрийгөө тайвшруулж байх нь тус болно уу гэхээс ус болохгүй.

ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ, ДООШОО ГАЗАР ХАТУУ

Зуд болоход нохой, зовлон учрахад лам зоолдог гэгчээр өнөөдөр стрессийг “үйлдвэрлэгч” үй олон хүчин зүйлс байхад түүнийг сарниулагчид дэндүү цөөхөн. Монголд өнөөдөр хэдэн сэтгэл зүйч байгаагийн хэд нь мэргэжлийн ажлаа хийж байгааг хэлээд өгөх албан тушаалтан, албан ёсны тооцоо алга. Харин СЭМҮТ-д дөрвөн сэтгэл зүйч ажилладаг бөгөөд тоог нь нэмэгдүүлэхийг хүссэн ч төсөв мөнгөндөө баригдаад чаддаггүй нь хэнд ч ойлгомжтой. Учир нь улсын төв эмнэлгүүдийн хоногт нэг оронд ноогдох эмийн зардлыг харвал тус төвд хамгийн бага буюу 3600 орчим төгрөг олгодог аж. Харин хамгийн ихийг нь ХСҮТ-д олгодог юмсанж. Дэндүү харамсалтай тоо гэвэл улсын хэмжээнд сэтгэцийн эмч 139, сэтгэцийн сувилагч 250 ажиллаж байна. Үүнээс СЭМҮТ-д 80 эмч ажиллаж буй гэнэ. Тэгэхээр нэг бодоод үз дээ.

Монголд 21582 хүний дунд нэг сэтгэцийн эмч оногдож байна гэсэн үг.

ЛАМЫН НОМ, БӨӨГИЙН ДОМ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ НӨХӨЖ БАЙНА

Стресс, бухимдал хэрээс хэтэрвэл сэтгэцийн эмгэг тусдаг. Харин үүнээс урьдчилан сэргийлж сэтгэл заслын эмчилгээг хийдэг хүмүүс нь сэтгэл зүйчид. Харин бид сэтгэл зүйчдээс илүү лам, бөөгөөр сэтгэл заслаа хийлгэж байна. Харин энэ нь тус болохоосоо ус болох нь олон байдаг талаар Т.Мандхай хэллээ. Уламжлалт эмчилгээний эмнэлэг, мэдрэлийн эмч, лам, бөөд үзүүлж явсаар эцэст нь СЭМҮТ-д ханддагаас оношийн хоцрогдол их байдаг талаар тэрээр хэлсэн юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Энэ асуудал төгсөөгүй дөнгөж эхэлж байна. Учир нь “Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд илүү аюулын харанга дэлдсэн үзүүлэлтүүд ажиглагдсаныг мэргэжлийн хүмүүс эмзэглэн ярилаа. Ганц төв, хэдэн эмч нар бус төр засаг, улс орны хэмжээнд хөдлөн сэтгэцийн эмгэгтэй тэмцэхгүй бол хүчирхэхгүй болжээ. Тэрхүү судалгааны бүрэн дүүрэн танилцуулаагүй, бүдүүн бараг тоог иш татахад ийм л байна.

Стационарын өвчлөл нас, хүйсээр /бодит тоогоор/

Стационарт бүртгэгдсэн өвчлөл /бодит тоогоор/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж