Найман шарга валютын зах дээр нэг ам.долларыг 2280 ханшаар худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2270 төгрөгөөр худалдаж авч, 2286-2288 төгрөгөөр худалдаалж байна. Монголбанкны нэрлэсэн ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна.
Үүнээс үзэхэд өчигдөр 2295 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш 15 төгрөгөөр буурсан байгаа юм.
Долларын ханшийн талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Б.Мөнхзаяа “Долларын ханш гэдэг нь үнэ юм. Үнэ бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана. Долларын ханшийг барихын тулд Төвбанк интервэнц хийдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар Төвбанкны валютын нөөц хомсдож байна. Өнгөрсөн хугацаанд богино хугацаатай интервэнц олон давтамжтай хийснээс болж Монголбанкны валютын нөөц дөрөв дахин багасчихаад байна. Цаашид интервэнц хийсээр байвал Монголбанк валютын нөөцгүй болж, долларын ханш улам чангарах аюултай. Иймээс долларын ханшийг барихын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь долларын эрэлтийг бууруулах явдал юм. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжийн хүүг тэглэх, эсвэл бууруулж болно. Яагаад ингэж зөвлөж байна вэ гэвэл валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж иргэд төгрөгийн хадгаламжаа валютаар сольж, зохиомол хомсдол үүсгэх хандлагатай байна. Иймд валютын хадгаламжийн хүүг бууруулж болох юм. Харин урт хугацааны бодлогод экспортыг нэмэгдүүлэх, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтаа сайжруулж байж долларын ханш аажимдаа тогтворжино” гэж байр сууриа илэрхийлж байна.