
-Юуны өмнө баяр хүргэе. Говь-Алтай аймгаас дахин нэг өндөр цолтон төрлөө шүү дээ?
-Баярлалаа. Энэ өндөр цолонд хүрсэндээ үнэхээр их баяртай байна. Хамгийн гол нь нутгийнхан маань бөхчүүдээ харж, дэмжиж байсан. Тэднийхээ итгэлийг алдаагүй сайхан барилдаж, гарьд цолыг авлаа. Сэтгэл санаа их сайхан тэнүүн байна даа. Төрүүлсэн аав ээж, нутаг уул ус, түмэн олондоо баярлалаа. Надад үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, өмөг түшиг болдог хайртай ханьдаа хамгаас илүү баярлалаа гэж хэлье. Бас хүүдээ баярлалаа.
-Энэ жилийн наадам нэлээд сонирхолтой болж өнгөрлөө. Зарим хүмүүс залуу бөхчүүдийг эрин үе эхэллээ гэж тодорхойлж байна. Харин таны хувьд?
-Хэн илүү бэлтгэл сайтай нь наадамд дээгүүр барилддаг жамтай. Тэр ёсоор л болсон. Сонирхолтой барилдаанууд нэлээд олон гарлаа. Улсын шинэ цолтнууд ч олон төрсөн наадам боллоо. Начингаас эхлээд аварга хүртэл бүх цолтон төрж байсан наадам ховор байх. Энэ жилийн наадмын гол онцлог нь юм. Зургаагийн даваанаас хойш наадмын тааварт өөрчлөлт орсон шүү дээ. Та бүхэн өөрсдөө нүдээрээ харсан болохоор нэг их юм яриад яах вэ.
-Хэчнээн жил барилдаж байж энэ цолонд хүрэв ээ?
-Бөхийн спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Үндэсний бөхдөө үнэнч зүтгэж байгаагийн маань үр дүн гарлаа. Хүн амжилт гаргахаар илүү их зүйл рүү тэмүүлдэг юм байна. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаад аварга, арслан гэдэг том цолыг авахын төлөө зүтгэх болно. Миний анхны багш “сахал” Ш.Рагчаа гэж сайхан хүн бий. Бөхийн “А” үсгийг энэ хүнээр л заалгалаа шүү дээ.
-Ямар ч спортоор анх хичээллэхэд шантрах үе олон гардаг. Та хэр шантарч байв?
-Бага зэрэг шантрах үе гардаг байсан. Гэхдээ би үүнийг тоолгүй тэсвэрлэж өнгөрөөсөндөө баяртай байдаг. 2007 онд улсын начин цол хүртээд маш их баярлаж байлаа. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа үндэсний бөхийн дээрээсээ гурав дахь цолыг нь авлаа шүү дээ.
-Гарьд цол авна гэдэг том амжилт. Хоёр цолыг алгассан шүү дээ. Наймын даваанд даян аварга Г.Өсөхбаярыг даваад тугаа тойрч байхдаа юу бодсон бэ?
-Эхлээд би итгээгүй. Аваргаас урьтаж мэх хийлээ л гэж бодсон. Гэхдээ тэр хутгаа үнэхээр даацтай болсон. Өөрийн эрхгүй нулимс унагасан. Олон хүн шуугиад л. Найм давсан юм чинь ес давж яагаад болохгүй гэж бодсон шүү. Тэгээд есийн даваанд гарахдаа тайвширч чадахгүй байсан. Аваргыг ам авсныг сонсоод шийдсэн мэх хийсэн нь дээр юм байна гэж ярилцаж байсан юм. Өсөхөө аваргын барилдааны арга барилд орохгүйн тулд хөдөлгөж барилдахыг хичээсэн. Ер нь бол том цолтой бөхчүүдтэй барилдахдаа өөрөө санаачлагыг гартаа авахыг боддог.
-Тэгвэл есийн давааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Надад санаж бодсон зүйл байсан. Даанч боломж олдоогүй. С.Мөнхбат аварга шийдэмгий барилдсан учраас даваагаа авсан.
-Энэ жилийн наадмыг түрүү бөхийн тааварт орж байсан бөхийг даваад туг тойрч байхад түрүү, үзүүр булаалдах юм байна даа гэж бодож байлаа?
-Би ч гэсэн нэгэнт найм давсан юм чинь түрүү, үзүүр булаалдахын төлөө барилдана гэж бодсон. Гэтэл С.Мөнхбат гарч ирээд л бужигнуулаад эхэлсэн шүү дээ. Боломж олдсон л бол би шийдсэн мэхээ хийх байлаа. Уначихаад алхаж байхдаа “хэрвээ давсан бол” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Гэхдээ л цолондоо сэтгэл хангалуун байна. Уран мэхийг уралдуулж авсан гэж бодохоор сайхан байгаа юм. Даваа ахих тусам эрч хүч нэмэгддэг юм билээ.
-Долоогийн давааны барилдааныг асуухгүй өнгөрөөж чадахгүй нь. Х.Мөнхбаатар арслангийн гомдол гаргасны дагуу хөлийн цэцийн шийдвэр гараагүй байсан юм уу?
-Тийм юм байхгүй ээ. Хөлийн цэцүүд шийдвэрээ гаргасан. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг одоо яриад хэрэггүй биз. Наадамчин олон юу болсныг өөрсдөө харсан учраас дахин ярих шаардлагагүй байх.
-Хүч хөдөлмөрөө зарцуулсан гарьд цолоо хоёр өрөө байраар мялаалгалаа шүү дээ?
-Сэтгэгдэл их өндөр байна. Үнэнийг хэлэхэд байраар шагнуулна гэж огт бодсонгүй. Санаандгүй юм боллоо. Би сая галынхаа бөхчүүд, гишүүдтэйгээ хамт галруугаа явж байлаа. Гэтэл гэнэт дуудаад тэгээд яаран сандран ирлээ. Бөхчүүдийнхээ хөлс, хүчийг үнэлж урам хайрлаж байдаг Хууль зүй, дотоод хэргийн яамныхаа хамт олон болон сайддаа баярласнаа илэрхийлье.
-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл жигд байх шиг байна. Хамгийн хэцүү давааг нэрлэвэл?
-Бүх даваа л хүнд байлаа. Ер нь хүчгүй бөх гэж байдаггүй шүү дээ. Тийм болохоор даваа болгон хариуцлагатай, өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Бөхчүүдийн бэлтгэл ч аварга, арслан, залуу бөх гэлтгүй жигдхэн байсан. Энэ нь барилдааныг илүү сонирхолтой болгосон гэж бодож байна.
-Бөхчүүд цол авсныхаа дараа галаа эргэдэг юм билээ. Та эргэсэн үү?
-Мэдээж эргэлгүй яах вэ. Манай “Хантайшир” дэвжээний бөхчүүд жил бүр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Гео Мандал” жуулчны баазад наадмын бэлтгэлээ хийдэг уламжлал тогтсон байгаа. Д.Бадрах начин бидэнд зааж зөвлөн, Ч.Дамдиншарав багш маань зөвлөхөөр ажилласан. Галаа эргэж сүү, цацлаа өргөөд өндөр цол хэргэм хайрласан хангайдаа мөргөөд ирсэн л дээ. Ер нь бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг манайханд их ээлтэй байдаг юм.
-Ингэхэд нутаг явж амжаагүй байгаа бололтой. Хэзээ явах гэж байна вэ?
-Одоохондоо яваагүй л байна. Гэхдээ удахгүй ээ. Нутагтаа очиж хэд хоног сайхан амрах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дараа нь бэлтгэлдээ орно доо.
-Энэ жил олон аймгуудын ойнууд их болж байгаа. Хаанахын наадамд зодоглох вэ?
-Ямар ч байсан Увс аймагт болох Баруун бүсийн даншиг наадамд зодоглох бодолтой байгаа. Өөр хаана очиж барилдахаа сайн шийдээгүй л байна.
-Гарьд цолны найр хийнэ биз дээ?
-Энэ талаар бодсон юм одоогоор алга. Ярихад арай эрт байна шүү дээ.
-Говь-Алтай аймгаас нэг хэсэг сайн бөх их үгүйлэгдэж байсан. Харин одоо бол гарьдтай, заантай, начинтай боллоо. Бас томоохон барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байна?
-Тийм ээ, би үүнтэй санал нийлж байна. Үнэхээр нэг үеийн сайхан залуучууд нутгийнхаа нэр хүндийг өргөж барилдахыг хичээж байгаа. Цаашид ч хичээнэ. Дараачийнхаа үеийн залгамж халааг ч хүртэл сайн бэлтгэнэ. Н.Ганбаатар гарьд, Б.Соронзонболд заан, Ш.Тогтохбаяр начин гээд л улсын өндөр цол авах чадалтай олон бөх манайд бий. Тийм болохоор нэг их удахгүй Говь-Алтай аймгаас үндэсний бөхийн аварга төрнө гэдэгт би итгэлтэй байна. Зөвхөн улсын цолтнууд ч биш. Сайн барилдаж байгаа аймгийн арслангууд хүртэл байна. Тэгээд ч бидний нас залуу байна шүү дээ.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Намайг дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Ялангуяа Нутгийнхаа зон олон, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хантайшир” дэвжээнийхээ бөхчүүд, багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Мөн “Хилчин” спорт хорооныхондоо баярласнаа илэрхийлье. Та бүхний хүч хөдөлмөр шингэсэн энэ өндөр цолыг дээш нь ахиулж, олны итгэлийг алдахгүйг хичээж барилдана. Өндөр цол авсан бөхчүүд түүнийгээ батлахын тулд зүтгэх ёстой. Тийи болохоор илүү уран, хурц барилдаан үзүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа тууштай хийнэ. Бөхөд дуртай хүн бүрийг бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин