Хятадад экспортолж буй мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Хятадад экспортолж буй мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт үргэлжилнэ

ӨЧИГДӨР БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.05/

  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Минь хоёр улс хооронд хийгдэж буй мах, махан бүтээгдэхүүний худалдаа цаашид үргэлжилнэ гэж мэдэгдлээ. БНХАУ-ын ерөнхий малын эмч энэ сарын 10-нд /ирэх даваа гаригт/  Монгол Улсад ирж, мах, махан бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нийлүүлдэг үйлдвэрүүдэд ажиллах юм байна. Мөн БНХАУ-ын Хяналт, шалгалт, Хорио цээрийн ерөнхий газрын байцаагчид олон улсын лаборатори руу Монгол Улсаас БНХАУ руу  экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн эрүүл, аюулгүй эсэхийг шинжлүүлэхээр ханджээ. Одоо талууд бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Олон улсын лабораториас ирэхийг хүлээж буй юм.


  • Монгол Улс сүүлийн гурван жилд шүүхийн хөрөнгө оруулалтыг тэглэсэн бөгөөд шүүхэд нэг тоосго ч нэмж барих төсөвгүй болжээ. Нурах аюултай, хөгц мөөгөнцөрт баригдсан, актлагдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд олон гэдгийг салбарынхан нь хэллээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж буй шүүх ч бий. Уг нь шүүх хараат бус байх ёстой. Гэвч Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүрийг үзжээ.


  • Захирлууд улс төрийн шалтгаанаар халагдаж, солигдсон байна. Гэхдээ шинээр томилогдон ирсэн дарга нарын зарим нь мэргэжлийн бус хүмүүс гэдгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд онцоллоо. Тиймээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн захирлуудыг  намын харьяаллаар халж, сэлгэхгүй байхыг Эрчим хүчний яамнаасаа хүслээ. Мөн ажлаасаа халагдсан дарга нарт Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгож, ажлын байраар ханган эрх ашгийг нь хамгаалахыг шаардсан юм. 


  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өчигдөр /2016.10.05/ хуралдлаа.


  • Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдох асуудлыг хэлэлцжээ. Засгийн газраас энэ асуудлыг судалж нягтлахаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт буюу аравдугаар сарын 2-нд хуралдаад “Сангийн сайд асан Б.Болорын гаргасан шийдвэрүүд хууль зөрчсөн” гэж үзсэн юм.


  • Сүүлийн өдрүүдэд аймаг орон нутгаас хүмүүс ой модонд төөрч сураггүй болсон талаарх мэдээлэл цөөнгүй ирэх болжээ. Уржигдар /2016.10.05/ гэхэд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газарт  иргэн Б /44 настай, эрэгтэй/  самарт яваад сураггүй боллоо гэсэн мэдээлэл ирсэн байна. Иргэн Б аравдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагийн орчимд самарт  явж байгаад модон дунд төөрч алга болсон байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газарт иргэн Б /50 настай, эмэгтэй/  уржигдар /2016.10.04/  18 цагийн орчимд жимс түүж явж байгаад модон дунд төөрч сураггүй болжээ.  


  • Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 324 мянган тонн үр тариа, 126 мянган тонн төмс, 72 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна. Ургац хураалтын явцыг хувиар тооцвол үр тариа 60 хувь, төмс 82 хувь, хүнсний ногоо 72 хувийн гүйцэтгэлтэйг Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Улсын хэмжээнд дүгнэвэл ургац хураалт Булган, Төв, Сэлэнгэ аймгуудад эрчимтэй, баруун, зүүн аймгийн нутгаар цаг агаар тогтворгүй, үр тарианы болоц болоогүйгээс шалтгаалж удааширчээ. Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудад өчигдрөөс эхлэн цас орж тус бүс нутгийн үр тариа хураалт хойшлогдох, ургац алдах эрсдэлтэй болсныг салбарын яамнаас нь тодотголоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж