“Эрдэнэт”-ийг улстөржүүлэх сонирхол хэнд байна

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг улстөржүүлэх сонирхол хэнд байна

  • Ц.ДАВААЦЭРЭН: Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байна. “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байхад та бүхэн битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголчууд худалдаж авсан талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл гарч байсан. Тэгвэл өчигдөр /2016.10.05/ УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өгсөн мэдээллийн мөрөөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн болон албаны хүмүүс няцаалт өгч бодит тоо баримтыг үндэслэн ийнхүү ярьсан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Ц.ДАВААЦЭРЭН:

-“Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан үнэн зөв бодит мэдээлэл өгөхөөр болсон нь энэ. Тодруулбал, оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 134 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Угтаа бол бид оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх. 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөс авлагатай явж ирсэн. Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөч ээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Энэхүү мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байхад та бүхэн битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" гэлээ.

Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 134 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Угтаа бол бид оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан.

Ямартай ч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, компанийн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлага болон улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлсээр байгаа аж. Тус үйлдвэр нь 2013 оноос 2016 оны эхний найман сар хүртэл улсын болон орон нутгийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Тодруулбал, 2015 онд 379 тэрбум төгрөг, 2016 оны эхний найман сарын байдлаар 134 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 351 тэрбум төгрөг буюу жил бүр 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсаар иржээ. Тэгэхээр тус үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг бүх үзүүлэлтээрээ 100 хувь давуулан биелүүлж байжээ гэдгийг дээрх баримтууд гэрчилж буй юм. Яг үнэндээ улстөрчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн удирдлагуудад олон дарамт шахалт ирж байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэрийг 2016 онд төлөх мөнгөө урьдчилж төлөхийг шаардсан албан бичиг

Үүний ганц жишээ гэвэл дээр Ц.Даваацэрэн дарга энэ онд төлөх ёстой байсан мөнгийг яагаад урьдчилаад төлөх болсон талаараа цухас дурдсан. Тэгвэл Сангийн яам тус үйлдвэрийг 2016 онд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлөхийг шаардсны дагуу “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр банкнаас өндөр хүүтэй зээл авч урьдчилан төлж байсан байна. Бодит нөхцөл байдал ийм байхад УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн олон нийтэд өгсөн мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах болсон нь тус үйлдвэрийн ажилчдад хүндээр тусах болжээ. Ямартай ч үйлдвэрийн удирдлагууд улс төрийнхөө үйл ажиллагааг үйлдвэрийн ажилтай холбохгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн ч гэсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг ч дурдаж байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж