Л.Байзада: Би өөртөө зориулж цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Л.Байзада: Би өөртөө зориулж цомог гаргана

Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзадатай ярилцлаа. Тэрээр энэ сарын 21-нд Латиф сангийнхаа таван жилийн ойн “Гайхамшиг” тоглолтыг хийх гэж байна. 


-Удахгүй болох “Гайхамшиг” тоглолтын талаар яриагаа эхэлье. Энэ тоглолт "Латиф" сангийн таван жилийн ойд зориулж байгаа гэж дуулсан. Латиф сангийнхаа талаар танилцуулахгүй юу?

Тийм ээ. Миний аав Монголын циркийн, киноны, хошин урлагийн, дууны гээд монголын урлагийн оргил үед уран бүтээлээ туурвиж явсан.  Аав маань 1967 оноос эхлэн 1992 он хүртэлх 30 жилийн хугацаанд өөрийн авьяас билгээрээ ард түмэндээ хайрлагдаж ирсэн. Ардын зүйр үгэнд “Аав, ээжийгээ үр хүүхдүүд нь дуурсгахгүй юм бол өөр хэн дуурсгах билээ” гэдэг. Тиймээс аавынхаа тухай хойч үеийн залуустаа таниулах нь үр хүүхэд бидний үүрэг юм байна. Тэгээд би найз нөхөдтэйгээ зөвлөж байгаад одоогоос таван жилийн өмнө аавынхаа нэрэмжит санг байгуулсан юм. Ер нь сангийн үйл ажиллагаа нь олон хүмүүсийн хөрөнгө босгож, дундын хөрөнгөөсөө урт хугацааны төсөл хэрэгжүүлдэг зарчимтай юм билээ. Гэтэл манай Латиф сан авьяаслаг залуусыг цуглуулж, хичээл зааж, тэднийг олонд таниулах таван жил байлаа. Манайх хэдий сан гэсэн нэртэй ч ганц ч удаа санхүүжилт авч байгаагүй. Би дуучин хүн болохоор санг удирдахад бэрхшээл асар их гардаг юм билээ. Манай Латиф сантай уран бүтээлээр хамтарч ажилладаг 60 гаруй залуус байдаг. Ер нь манай сантай хамтарч ажиллах хүсэлтэй хүүхэд, залуус олон байдаг.

-Залуусыг уран бүтээл хийхэд нь дэмжиж, тэдэнд багшилж байгаа юм байна. Латиф сангаас төрсөн шавь нараасаа дурдаач?

Миний дуунуудыг дуулж хит болсон хамтлагуудаас дурдъя. Жишээ нь Гурван бүдүүн хамтлагийнхан миний зохиосон “Хайр татам”, “Гэрэлт наран ээж” мөн миний аавын тухай “Аав минь ирж яваа” зэрэг таван дууг маань дуулсан. Мөн “Sync” хамтлагийн “Хөөрхөн ширтэх чи” дуу байна. Дараагаар нь “Fly” хамтлагийн “Улаан сарнай” зэрэг олон уран бүтээлээрээ онгирно шүү дээ.

-Латиф сангийн таван жилийн ойн тоглолтоо “Гайхамшиг” хэмээн нэрлэжээ. “Гайхамшиг” гэж нэрлэсний учрыг сонирхож болох уу?

-Сангийнхаа “Гайхамшиг” хэмээх сүлд дууг шинээр хийсэн байгаа. Энэ сүлд дууны үг, аяыг би өөрөө зохиож, олон залуу уран бүтээлчид хамтран дуулсан. “Гайхамшиг” дуугаараа бид бие биенээ хүндэлж, хайрлах хэрэгтэй гэсэн санааг л агуулж байна. Би заримдаа үдэш лоунжид их дуулдаг. Тэгэхэд залуус ууж, идээд л сууж байгаа харагддаг юм. Гэтэл залуус маань бие биедээ дээрэнгүй хандсан, эд хөрөнгөөр гайхуулдаг болж. Уг нь энэ байдал монголд л байгаад байгаа юм биш үү. Хэрэггүй. Өнөөгийн даяаршсан нийгэмд материаллаг зүйлс энгийн болсон цаг. Энэ цаг үед хүмүүс бие биедээ үнэ цэнэтэй шүү. Мөн надад нэг японы хөрөнгө оруулалттай бичил зээлийн банк санхүүгийн байгууллагын санал ирсэн. Уг бизнес нь гишүүнчлэлээр явагддаг тухай надад танилцуулсан юм. Та манай “Гайхамшиг” тоглолтын тасалбарыг худалдан авснаар уг бизнесийн гишүүнчлэлд элсэх боломжтой. Энэхүү гишүүнчлэл нь тодорхой хязгаартай бөгөөд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр итгэлцлийн үүднээс мөнгө зээлэх бизнес юм.

-Өнгөрсөн зургадугаар сард аавынхаа 70 насны ойн тоглолтыг хийсэн. Энэ тоглолтынхоо талаар яриач?

-Миний хувьд энэ жил олон ажлыг амжууллаа. Өнгөрсөн зургадугаар сард аавынхаа 70 насны телевизийн тоглолтыг хийсэн. Мөн сүүлийн таван жил Латиф сангийнхаа хүрээнд 10 орчим хандивын тоглолтыг зохион байгууллаа. Ингэхдээ сүүлийн үед хандивын тоглолтууд ихдээд, бүр сүүлдээ “шатаж” байна. Миний зохион байгуулсан найман тоглолт амжилттай болж, хоёр тоглолт нь үнэхээр амжилттай болоогүй юм. Цаг ч давчуу байсан, цаг үе ч гэсэн тохиромжгүй цагаан сар баярын үеэр таарсан тоглолтууд байсан л даа. Гэхдээ бүтэмжтэй болсон хэрнээ маргаантай асуудал үүсдэг тоглолтууд олон бий. Жишээ нь надад нэгэн эцэг, эх өвчтэй хүүхдийнхээ эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр хандивын тоглолт хийх хүсэлтийг тавьдаг. Гэвч тэд сүүлдээ мөнгөө бодоод эхэлдэг юм билээ. Тэгээд л “Өчнөөн тасалбарын мөнгө ирсэнгүй” гээд л хэл ам гаргана. Уг нь эдгээр хүмүүс хэчнээн төгрөгтэй болоод буцаж байгааг би мэдэж байгаа шүү дээ. Тэгээд л энэ бүхэн манай сангийн хамт олонд туршлага болоод л үлдсэн.

-Хандивын тоглолт хийхэд маргаантай асуудал үүсдэг гэлээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон тархины саажилттай бяцхан О.Сувд охины ээж тоглолтын санхүүгийн талаар цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ бичсэн нь хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ асуудалд тайлбар хийх үү?

Манай сан өнгөрсөн дөрөвдүгээр сард “Зүрхний бяцхан сувд” нэртэй хандивын тоглолт зохион байгуулсан юм. Ийм асуудал гаргаж байгаа эцэг, эхчүүд их бүдүүлэг юм л даа. Тэр эцэг, эхчүүд авах ёстой мөнгөө авсан. Бид тэр тоглолтод олон уран бүтээлчдийг үнэгүй дуулуулж, тав, арван сая төгрөгийн түрээсийг төлж байгаа шүү дээ. Хэрэв тэр эмэгтэй биднийг билетний мөнгө “идсэн” гэж хардаж байгаа бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэтэл цахим ертөнцөөр баталгаагүй худал мэдээлэл цацсан. Тухайн үед зарим байгууллагууд хандивын тоглолтын 200 тасалбарыг буцааж, дараагийн тоглолтыг чинь дэмжиж, ажиллана гэсэн. Гэтэл хандивыг хүнээс хүчээр авч болохгүй шүү дээ. Энэ мэт асуудлыг ойлгохгүй, мэдээлэл цацсан байна лээ. Миний бие урлагт өнгөрүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ. Тийм ч учраас би энэ мэдээлэлд цочирдоогүй. Улам л сайн тооцоолж дараагийн ажлаа сайн хийх хэрэгтэйг ойлгосон. Нялх хүүхэдтэй эмэгтэйтэй зарга хийгээд явъя гэхээр өрөвдөөд байх юм. Тэгээд бид чимээгүй явсаар ирсэн.

-Таны дүү Л.Нурбулан “Гэрэлт хандгай” хүүхдийн театрыг байгуулаад явж байна. Таны хувьд дүүтэйгээ хэр хамтарч ажилладаг вэ?

-Манай дүү Л.Нурбулан бол жинхэнэ од шүү дээ. Нура маань манай хамгийн бага дүү. Бид эхээс тавуулаа. Би дээрээ хоёр ахтай. Хоёр ах маань гадаадад ажиллаж, амьдардаг. Миний доор ганц эмэгтэй дүү минь бий. Ганц эмэгтэй дүү маань Ховд аймгийн багшийн их сургуульд төгөлдөр хуурын багшаар ажилладаг. Л.Нурбулан дүү маань Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Жүжигчин Э.Цолмонбаяр, Өөскө буюу А.Өнөржаргал, Р.Анхням нар бүгд дүүгийн маань ангийнхан. Дүү маань ч уран бүтээлээ сайн хийж байна. Би дүүдээ их хайртай. Өмнө дүүдээ их хатуу ханддаг байсан. Одоо миний дүү уран бүтээлээ хийх арга эвээ олоод, хүүхдэд зориулсан хөөрхөн номер хийдэг болжээ. Царай зүсээрээ ч гэсэн Нура дүү маань аавтай их төстэй гэдэг юм. Дүү маань “Гайхамшиг” тоглолтод маань оролцож, мэндчилгээ дэвшүүлэх болно.

-Та шинэ уран бүтээл хийж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас дуулгахгүй юу?

-Би өөртөө зориулж цомог гаргах гэж байгаа. Одоохондоо цомгийн ажлаа хийж амжихгүй л явна. Он гарсны дараагаар л цомгийн ажилдаа орно доо. Манай “Гайхамшиг” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюут” констракшн ажиллаж байгаа. Уг тоглолтын бүх дэмжлэгийг аавын маань төрсөн нутаг болох Ховд аймгийн Булган сумын нутгийн зөвлөл гаргаж байгаа. Тийм учраас Ховд аймгийн Булган сумын уугуул, суугуул иргэдээ уг тоглолтодоо урьж байна.

-Таны фейсбүүк хуудаснаа өөрийн тань зургаас илүү Майкл Жексоны зураг их байгаа харагдсан. Одоо энэ өрөөнд ч гэсэн түүний бяцхан сувинер байна. Та Майкл Жексоны үнэнч фен бололтой?

-Би 1985 онд гурав, дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа л Майкл Жексоныг сонсч өссөн. Оюутан болоод түүнийг бүр ихээр шүтэх болсон. Одоо надад Майкл Жексонгүй зүйл гэж байхгүй. Компьютерийн дэлгэц, гэрийн ханаар битүү түүний зураг бий. Майкл Жексон миний хувьд бодит бурхан юм шиг санагддаг. Энэ хүний амьдрал, уран бүтээл миний бахархал. Монголд Жексоны фенүүд маш олон байдаг юм билээ. Бид бас цахим ертөнцөөр хоорондоо харилцаж, мэдээлэл солилцоно.

-Гэр бүлийн сэдвээр ярилцаж болох уу. Найз бүсгүйтэй юу?

-Миний хувийн амьдрал их аятайхан байгаа. Би нэгэн жирийн сайхан монгол бүсгүйтэй үерхэж байна. Найз бүсгүй маань аяндаа мэдэгдэх байх. Би олон жил хувийн амьдралаа нууж явлаа. Энэ хугацаанд хайр дурлал гээд л бүхий л зүйлийг амталж үзлээ. Би өмнө үерхэж байсан бүсгүйчүүдийнхээ талаар яриад байхыг хүсдэггүй. Зарим нь миний ажлыг ойлгож дэмждэг байсан бол ойлгохгүй байх тохиолдол ч гарч байсан.

-“Танилцъя охин” дуугаараа охидыг байлдан дагуулж байсан дуучин Л.Байзада хэр дурламтгай хүн бэ?

-Би сайхан бүсгүйчүүд харах дуртай. Сайхан шүү дээ. Харин одоо эмэгтэй хүний гадна төрхийг бус доторх сэтгэл рүү нь өнгийж хардаг болсон. Би хэзээ ч хайрын захиа өгч явсангүй. Залуу байхдаа хайрын захианд дарагдаж, зарим охидыг гомдоож ч явсан байх. Гэхдээ надад ганцхан зүрх л бий. Тухайн үед надад олон охин бэлэг өгч, тоглолтыг маань ирж үзэж, уйлдаг байлаа. Зарим нь намайг “Чи одоо хэн бэ” гээд л загнадаг байлаа. Гэхдээ би өөрийнхөө үеийн 30 наснаас дээш бүсгүйчүүддээ байнга л харагдаад, дуулаад л байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж