“Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, Монголын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын зургаа дахь бие даасан тоглолт болох “Амьдралын бэлэг” тоглолт ирэх сарын 7, 8-нд “UB palace”-ийн концертын танхимд болох гэж байна. Тэрээр өнөөдөр /2016.09.28/ “Пума империал 2” зочид буудлын хоёр давхарт байрлах танхимд албан ширээний ард бус микрофоны араас өөрийн уран бүтээлээ эгшиглүүлж, тоглолтынхоо талаар мэдээлэл өгсөн юм.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Удахгүй “Амьдралын бэлэг” тоглолтоо хийх гэж байна. Хэр догдолж байна вэ?
-Ер нь догдолж байна. Хэдхэн хоногийн дараа “Амьдралын бэлэг” тоглолт маань болох гэж байна. Энэ бол миний хувьд маш том хариуцлага. Өөрийн дуунуудаа сонсогчдод хүргэж, хоёр өдрийг хамт өнгөрүүлбэл миний төлөвлөсөн ажил бүтлээ. Хүн амьдралаас олон бэлэг авч байдаг. Өнөөдөр миний тоглолтын хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид маань хүрэлцэн ирж, бэлэг барилаа. Би ч гэсэн та нартаа бэлэг барьсан гэж бодож байна.
-Тоглолтод хамтран дуулах уран бүтээлчдээ танилцуулахгүй юу?
-Энэ удаагийн тоглолтондоо олон уран бүтээлчдийг оролцуулахыг бодсонгүй. Залуу уран бүтээлчдийг дэмжиж байна. Миний тоглолтод дуучин А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Баярцэцэг болон дуучин Б.Сарантуяа, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, “Харанга”, “Freezone”, “Guys” хамтлагийнхан ая дуугаа өргөх болно. Эдгээр уран бүтээлчидтэйгээ би хамтран дуулна. Мөн тоглолтод маань “Харанга” хамтлагийн “Алдрын од” тоглолтод тоглож байсан чадварлаг хөгжимчид хамтарч байгаа.
-Энэ удаагийн тоглолт дээрээ гитараа тоглох уу. Тоглолтынхоо бэлэгнээс хуваалцаач?
-Би гитараа тоглоно. Бас төгөлдөр хуур тоглоно. Ерөнхийдөө тоглолт маань гурван хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь “Амьдралын бэлэг” цомогт багтсан шинэхэн дуунуудаасаа дуулах бол дараагийн хэсэгт “My street” цомгийнхоо дуунуудыг “unplugged” хэлбэрээр шинэчлэн найруулж, үзэгчдэдээ хүргэнэ. Төгсгөлд нь монголын рок попын үе үеийн уран бүтээлчидтэйгээ хамтран өөрийн зохиосон дуугаа дуулна. Мөн тоглолтын үеэр “Screen” интертайнментын хамт олон нэгэн сайхан зүйлийг зохион байгуулж байгаа. Миний дууны ард хайртай хүмүүстээ бэлэг барих зургуудыг танилцуулна. Жишээ нь миний хайрын дууны ард дэлгэцэн дээр хайртай хүний чинь зураг гарч байх болно. Энэ агшинд хосууд маань гэрлэх санал тавьж, хайрын үгийг харамгүй хэлж байх боломжийг бүрдүүлж өгч байна. Ингэснээр та хайртай хүндээ бас нэгэн бэлгийг барих юм.
-Та “Амьдралын бэлэг” дууны клипний талаар ярихгүй юу. Клипэнд тоглосон хосуудыг хэрхэн сонгосон бэ?
-“Screen” интертайнментийн хамт олон надад гурван гэр бүлийг санал болгосон. Тэгээд би харж байгаад тэр хосыг сонгосон юм. Сүйт бүсгүй энэ талаар юу ч мэдээгүй байсан. Яг энэ дууны клипинд гарснаар гэнэтийн бэлэг барьсан байгаа. Та бүхэн ажигласан бол миний тоглолтын реклам дээр тэд гэрлэж байгаа. Харин тэр хосууд маань гэрлэсний дараа бүл нэмсэн эсэхийг тоглолтоос харах боломжтой.
-“Харанга”-ынханаас хамгийн олон тоглолт хийсэн нь та. Урын сангаа тоолж үзсэн үү?
-“Харанга” хамтлагаасаа гадна дуу зохиож, уран бүтээлчдэд дуугаа өгдөг. Би уран бүтээлчиддээ ямар ч цензургүйгээр, төлбөргүй сэтгэлээрээ дуугаа хийж өгдөг юм. Өөрийн дуугаа тоолж үзээгүй. Зарим хүмүүс уран бүтээл гэж ярьдаг. Миний хувьд 40 гаруй жил дуу хийж ирсэн. Энэ дуунуудыг маань олон сайхан дуучид дуулж, та бүхэнд хүргэсэн.
-Сүүлийн үед “Авьяаслаг монголчууд” шоугаар таныг харах болсон. Та уг шоунд хоёр дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна?
-Олон улсын чанартай шоунд миний авьяас чадлыг үнэлж, шүүгчээр урьсан явдал нь миний уран бүтээлийн замд салшгүй нэгэн томоохон хэсэг болж байна.
-Сонсогчдодоо “Амьдралын бэлэг” тоглолтоороо бэлэг барих гэж байна. Ер нь Чуука хэр романтик хүн бэ?
-Би ер нь романтик хүн шүү. Хөвсгөл далайн эрэг дээр кофе уугаад л суух дуртай. Би их сонин хүн гадаад орноор аялах дургүй. Ажлын шаардлагаар л гадаад орныг зорьдог. Тэрнээс биш монголынхоо байгалийн сайханд байх дуртай хүн. Надад эх орны минь өдөр бүр, нар, ой мод гээд бүх зүйл үргэлж шинээр харагддаг. Тийм учраас ч би романтиклах дуртай. Мөн би их өөдрөг үзэлтэй хүн л дээ.
-"Making the Band" шоунаас төрөн гарсан “Аnemone” хамтлагтай дахин хамтран ажиллах уу?
-“Аnemone” хамтлагтай үргэлжлүүлэн ажиллах бодол байхгүй байна. Тэд маань нэгэнтээ жигүүрээ дэлгэн ниссэн шүү дээ.
А.СҮРЭН