Д.Жигжиднямаа УБТЗ даргаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа УБТЗ даргаар томилогдлоо

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал Москва хотноо болсон байна. Энэхүү хурлаар Монгол, Оросын эрх ашиг хөндөгдсөн олон асуудлыг ярилцсаны нэг нь удирдлагыг нь томилох асуудал. УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар томилогдоод жил гаруй болж байгаа бөгөөд түүнийг суудлыг хэн “залгамжлах” вэ гэсэн асуудал Монгол, Оросын салбарынхны анхаарлын төвд байсан.

УБТЗ-ын даргаар гурван хүний нэр сонсогдож байсан юм. Тодруулбал, одоогийн удирдалга болох Л.Пүрэвбаатар, Д.Загджав, Д.Жигжиднямаа нарын хэнийг нь оросууд зөвшөөрөх бол гэсэн хүлээлт ч тус газарт багагүй байсан юм.

Москва хотноо хуралдсан хувь нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар замны даргын томилгоог эцэслэсэн гэх мэдээлэл байна.

Москвагаас ирсэн мэдээллээр УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ. Харин УБТЗ-ын ерөнхий инженерийн албан тушаалд орос хүн томилогдох юм байна. Тэрбээр УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбартаа туршлагатай нэгэн аж. Ерөнхий сайд болон МАН-ын удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Д.Жигжиднямааг замын дарга болгох саналыг Зам тээврийн яамны дэд сайдын зүгээс дэвшүүлсэн байна. Зарим хэвлэлд гарч байгаа мэдээллээр Оросын талаас хэрэв энэ удаад дахин монгол хүн томилох бол заавал мэргэжлийн, энэ салбарын мөн улс төрийн бус томилгоо байх ёстойг анхааруулж байжээ. Оросуудын зүгээс энэ удаад өөрийн хүнээ тавих сонирхолтой байсан юм.

УБТЗ-ын хэвлэлээс Л.Пүрэвбаатарыг улираасан гэсэн мэдээлэл өгч байгаа нь энэ ташаа гэдгийг батлах хүмүүс байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж