Лам нар ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлана

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Лам нар ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлана

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн 280 жилийн ой энэ онд тохиож буй ажээ. Тус ойн хүрээнд тус дацангийн залуу лам нарын санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр /2016.09.29/ Дашчоймпэл дацангийн лам хувраг нар мэдээлэл хийлээ.  

Хэвлэлийн бага хуралд Дашчойнпэл дацангийн гэсгүй Д.Санжаадорж, Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, Дашчойнпэл дацангийн унзад Ц.Золжаргал, тус дацангийн лам М.Цэрэндорж нар оролцсон юм.

Дашчойнпэл дацангийн лам М.Цэрэндорж “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт нэн шаардлагатай байгаа зүрхний хэм алдагдалтыг хэмждэг аппарат, дуслыг удаан хугацаагаар шахдаг аппарат зэргийн нийт 3.100 мянган төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг хандивлахаар болсон” хэмээн танилцууллаа.

Цаглашгүй энэрэлт Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг ирэх амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 1, 2-нд 11.00 цагаас Дашчойнпэл дацанд зохион байгуулах гэнэ. Уг хурлын үеэр лам нар болон ард иргэдийн хандивласан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг ЭХЭМҮТ-ийн төлөөлөлд гардуулан өгөхөөр болжээ.  

Цагаан Дарь-Эх бурханыг шүтсэнээр ашдын аврал буюу төгс гэгээрсэн бурханы хутгийг олж болох төдийгүй, энэ насны гай барцад арилж, нас буян дэлгэрэх, цаг бусын өвчин, гэнэтийн ослоос амирладаг гэж үздэг байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж