“Улаанбаатар” олон улсын кино наадмыг найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой уг наадам аравдугаар сарын 11-14-нд үргэлжилнэ.
Наадмын үеэр Канн, Берлиний олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны шилдэг 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм.
“Улаанбаатар” кино наадам Берлиний олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан Марта Миноровицын найруулж, Польш, Герман, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Зуд” киногоор аравдугаар сарын 11-ний 19.00 цагаас “Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.
Энэ жилийн наадмын онцлох орноор БНСУ-ыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн гурван киноны уран бүтээлээс бүрдэх “Солонгосын кино өдөрлөг”-ийг аравдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын урлагийн зөвлөл, Францын Элчин сайдын яамтай хамтран, БНСУ-ын Элчин сайдын яам, Гёте-Институт, Тайваний худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр наадмыг зохион байгуулдаг.
Б.ЭНХ