О.Амгаланбаатар: Яагаад эсрэг дүрд тоглож болохгүй гэж

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

О.Амгаланбаатар: Яагаад эсрэг дүрд тоглож болохгүй гэж

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Жүжиглэхээс гадна продюсерийн ажил хийж байгаа сураг дуулдсан?

-Хамгийн сүүлд “Барьцаа 007” гэдэг кинонд туслах дүр бүтээхийн зэрэгцээ гүйцэтгэх продюсерийн ажлыг гүйцэтгэлээ. Энэ киноны маань нээлтийн тов гараагүй байгаа бөгөөд  тун удахгүй олны хүртээл болно. “Барьцаа 007” уран сайхны киноны гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Баттулга, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр нар тоглосон.  Энэ кино маань цэвэр инээдмийн кино бус уянгын төрлийн кино юм.

-Шинэхэн дэлгэцийн уран бүтээл удахгүй үзэгчдэд хүрэх нь. Киноны зураг авалт хэзээнээс эхэлсэн бэ?

-“Барьцаа 007” киноны зураг авалтыг Архангай аймгийн Өгийн нуур, Булган аймгуудаар явсан. Ихэвчлэн киноныхоо зураг авалтыг Улаанбаатар хотдоо өнгөрсөн тавдугаар сард хийсэн юм. Зарим уран бүтээлчдийн маань ажил нь амжихгүй байсаар өдийг хүрсэн.

-Өөрийн чинь хувьд хамгийн сүүлд “Нүдэн сондор” хэмээх кинонд тоглосон. Энэ дүр өмнө нь тоглож байсан дүрүүдээс юугаараа онцлог байв?

-Энэ кино маань олон төрлийг багтааснаараа онцлог. Тэр дундаа адал явдалтай хэсгүүд ихтэй. “Нүдэн сондор" киноны найруулагчаар Д.Энхбаатар, зохиолчоор Р.Оюунгэрэл, продюсераар М.Отгонсүрэн ажилласан юм. “Нүдэн сондор” кинонд мөрөөрөө үг дуу цөөтэй залуугийн дүрд тоглосон.

-Өөр дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Миний хувьд “Говийн домог” хэмээх “UBS” телевизийн уран бүтээлчдийн бүтээлд тоглож байна. Энэ кино маань жил дамнан хийгдэж бөгөөд уг киноны маань зураг авалт жилийн өмнөөс эхэлсэн. Дөрвөн улирлын зураг авалт хийнэ. Одоо павилионы зураг авалтад орчихсон явж байна. Уг киноны гол дүрд Тувагийн Ардын жүжигчин хүн тоглож байгаа. Олон улсад зориулсан уран бүтээл болж байх шиг байна. Одоохондоо энэ киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа.

-“Содура” уран сайхны киноны Ак-Оодын дүр их өвөрмөц байсан. Энэ удаа ямар дүр дээр ажиллаж байна вэ?

-“Содура” уран сайхны киноны хувьд 1980, 1990-ээд оны үеийг харуулсан байдаг. Харин энэ удаагийн “Говийн домог” уран бүтээлийн хувьд  13 дугаар зууны үеэс ч өмнөх үеийг харуулах болно. Морин хуурын үүслийн домгийн тухай өгүүлнэ. Миний хувьд урт үстэй, хувцасны хувьд ч гэсэн эртний хэв шинжийг агуулсан байна.

-Саяхан загвар өмсөгч Амгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Загварын салбарт ижил хүйстэн олон бий” гэсэн мэдээлэл цацагдсан. Та үнэхээр тэгж хэлсэн юм уу?

-Монголын загварын салбарт ийм ховор байх. Харин гадны загварын ертөнцөд ийм зүйл байдаг юм билээ. Тэрийг л би хэлсэн. Тэгсэн хүмүүс монголд тийм хүн байдаг юм уу хэн бэ гэсэн асуултыг тавьж байсан.

-Таныг олон улсын худалдааны эдийн засагч, маркетингийн мэргэжилтэй гэж сонссон. Цаашдаа жүжигчний мэргэжлээр суралцах төлөвлөгөө бий юу?

-Мэдээж энэ салбарт орсон юм чинь суралцах бодол байдаг. Мөн би өөрийн мэргэжлийнхээ дагуу ажилладаг. Хэдий өнөөдөр мундаг зүйл бүтээж амжаагүй ч гэсэн чөлөөт цаг бага гардаг. Миний хувьд амьдралаас тасралтгүй суралцсаар байдаг. Сурна гэхээр заавал академик боловсрол эзэмшихийг хэлдэг үү, практик дээр ч суралцаж болно шүү дээ.

-Мэргэжлээрээ дагуу ямар ажил хийдэг вэ. Хийж буй ажлынхаа талаар танилцуулж болох уу?

-Би одоо өмнө хийж байсан ажлаа түр завсарлачихсан байна. Улс орны эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлж байна. Миний хувьд найзуудтайгаа хамтраад нэгэн бичил бизнес хийдэг. Энэ ажлынхаа төлөө л завгүй гүйж явна.

-Таныг хамтран тоглож буй эмэгтэй жүжигчидтэй холбож ярих тохиолдол гардаг. Энэ бүхнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би одоохондоо гэр бүлгүй учраас ямар нэгэн яриа гарсан тохиолдолд зөвхөн надтай л наалдаж байна. Мэдээж гэр бүлтэй болчихвол ийм асуудал гарахгүй байх. Тийм учраас би энэ бүхнийг эмзэгээр хүлээж авдаггүй. Миний хувьд ч гэсэн хэн нэгэнтэй ямар нэгэн холбоо үүсгэсэн зүйл байхгүй. Зарим тохиолдолд кино уран бүтээлчдийн маркетингийн дагуу хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм мэдээллийг зохион байгуулалттай цацах тохиолдол байдаг.

-Одоо найз бүсгүйтэй юу?

-Миний насны хувьд хүнтэй үерхээд л салдаг нас биш. Одоо бол амьдралын хань болох хүнтэйгээ л илүү  дотносохыг хүсдэг. Нөгөө талаар энэ нь байр, машин сонгох асуудал биш учраас няхуур хандах нь зөв. Тиймээс энэ чухал мөчийг яарч хандахыг хүсэхгүй байна.

-Таны хамгийн сүүлд өгсөн ярилцлагийг уншихад “Эсрэг талын дүрд тогломоор байна” гэсэн байсан. Тэгэхээр танд одоогоор тийм дүрийн санал ирээгүй гэсэн үг үү?

-Надад дүр бүр маань шинэ, өөр байдаг. Магадгүй миний тоглосон дүрүүд нь хоорондоо төстэй байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд ихэвчлэн дуу цөөтэй, зөв залуугийн дүр бүтээсэн байдаг. Жүжигчин хүн тухайн дүрд орж, ажиллах ёстой шүү дээ. Магадгүй би яагаад атаман залуу, эсрэг дүрд тоглож болохгүй гэж. Одоохондоо тийм дүрийн санал надад ирээгүй байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж