Тийм бол “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгт очоорой. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс /ХСУХАТАҮЗЗ/ “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 21 аймаг болон нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй 117 байгууллагатай хамтран орон даяар явуулж байгаагаараа онцлог.
“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 30-ны 11.00-16.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд болно.. Энэхүү арга хэмжээ нь ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилготой.
Өдөрлөгийн үеэр иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг сонсох, өргөдөл, гомдол хүлээн авч түүнийг шийдвэрлэх, холбогдох зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санаачлагыг хүлээн авч, зохих байгууллагад нь уламжлах тул иргэд, аж ахуйн нэгж өөрийн амьдарч, үйл ажиллагаа явуулж буй газрын харъяа орон сууцны конторт дээрх чиглэлээр хандахыг уриаллаа.
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-т иргэд, аж ахуйн нэгжээс халаалт муу байна, ус халаасны төлбөр өндөр байна гэх зэрэг гомдол их ирдэг. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулснаар иргэдийн энэ мэт гомдлыг хариуцсан газарт хүргүүлж, шийдвэрлэх боломжтой болж байгаа” гэдгийг ОСНААУГ-ын мэргэжилтэн Ж.Пүрэвжав хэллээ.
О.ТЭГШБУЯН