“Харвони”-той ижил нэршлийн эмийг хямд худалдана

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

“Харвони”-той ижил нэршлийн эмийг хямд худалдана

“Омбол” компани, Элэгний төв хамтран элэгний С вирусын эсрэг эм, эмчилгээний талаар сүүлийн үеийн мэдээлэл хийлээ. Тэдний өгсөн гол гурван мэдээллийг багцлан хүргэе.

  • 1.Элэгний С вирусын эсрэг эмийг хямдаар оруулж, худалдаална
  • 2.Элэгний эмчилгээ, үйлчилгээг хүргэх нээлттэй хаалганы өдөр зохионо
  • 3.Элэгний эм, эмчилгээг лизингийн зээлд хамрагдаж зохицуулж болно

“ХЭПСИНАТ” ЭМИЙГ 150 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДААЛНА

С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар оруулж, маргаашнаас худалдаалахаар боллоо. Энэ талаар өнөөдөр “Омбол” компани болон Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс мэдэгдсэн юм. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй гэж тайлбарлалаа. Уг эмийг хамгийн чанартай, боломжит хувилбар гэж судалсны дүнд Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэхээр болжээ. Ингээд маргаашнаас “Харвони” эмийг худалдаалж буй нэр бүхий эмийн сангуудаар борлуулах юм байна. /Эмийн сангийн жагсаалтыг эндээс харна уу/ Мөн Найман шарга төвийн дэргэдэх “Капитал төв”-д байрлах Элэгний төвөөр худалдаалах аж.

Тус эмийг “Харвони”-той адил эмчийн жороор 3-6 хайрцаг уух ёстой. Харин зургаан сар уух шаардлагатай иргэдэд зургаа дахь хайрцгийг үнэ төлбөргүй олгохоор зохицуулжээ. Учир нь зургаан сар уух шаардлагатай иргэдийн хувьд олон шинжилгээ өгч, эм авах тусам санхүүгийн хүндрэлтэй тулдаг тул ийм зохицуулалт хийсэн байна.

Ер нь “Харвони”-оос гадна ерөнхий нэршлийн дөрвөн эм байдаг аж. Харин Монгол Улс хоёр эмийг оруулж ирээд буй нь энэ юм. Тухайлбал, “Ледвир” эмийг оруулсан. Энэ удаад “Хэпсинат” эмийг иргэддээ хүргэхээр болжээ.


ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН ТАЛААР ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

Иргэдэд элэгний өвчний эсрэг үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төв Найман шарга валютын захын дэргэдэх “Капитал” төвд байрлаад удаагүй байна. Элэгний төвийнхөн маргаашнаас 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр иргэд тус төвд хандан элэгний эмчилгээ, үйлчилгээ, эм, шинжилгээ гээд бүх талын мэдээлэл авч болох юм.

Тэгвэл уг төвөөр нэг өдөрт л гэхэд 60-70 хүн үйлчлүүлдэг болжээ. Тус төв нь иргэдэд элэгний эмчилгээг хаана хийлгэх, шинжилгээг хэрхэн өгөх, хаана хандах, ямар эм уух зэрэг бүх талын мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг аж. Мөн элэгний эмийг худалдаалж байгаа юм. Тус төвд ирсэн хүмүүсийн 50 хувь нь эм авахаар, үлдсэн хэсэг нь элэгний эмчилгээний зөвлөгөө хүсч ханддаг болжээ.


ЭЛЭГНИЙ ЭМ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ЛИЗИНГЭЭР ЗОХИЦУУЛЖ БОЛНО

Иргэд элэгний эм, эмчилгээний төлбөрөө лизингийн зээлд хамрагдах байдлаар зохицуулах боломжтой гэж Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс тайлбарлалаа. Учир нь Монгол Улсын хэмжээнд элэгний өвчтэй хүний тоо 400 мянгад хүрч, өдөрт л гэхэд энэ өвчнөөр долоон хүн хорвоог орхиж буй судалгаа байдаг. Гэтэл элэгний өвчнөө эмчлүүлэхийн тулд 10 орчим төрлийн шинжилгээ хийлгэж, доод тал нь 150-300 ам.долларын эмийг 3-6 хайрцгийг авах зэргээр санхүүгийн хүндрэлтэй тулдаг байна. Тиймээс иргэд элэгний эм, эмчилгээнд зориулж 2-4 сая төгрөгийн лизингийн зээлд хамрагдах боломж бий. Иргэд гурван жил хүртэлх хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй зээлээр элэгний өвчний шинжилгээ, эм, үйлчилгээнд хамрагдаж болох юм байна. Гэхдээ одоогоор энэ зээлийг ганц “Хас” банкаар л авч болох юм.

Энэ зээлд нийслэлийн иргэд голчлон хамрагдаж эхэлжээ. Нийслэлээс гадна ганцхан Дундговь аймагт л иргэд элэгний эм, эмчилгээний зээлд хамрагдаж байгаа аж. Цаашид зээлийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарна хэмээн албаныхан хэллээ.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж