ӨЧИГДӨР /2016.09.29/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
- Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлжээ. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 19-нд болно. Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг санууллаа. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид 10 дугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм байна.
- Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдын ургуулж, тарьсан сайн чанарын улаан буудайг нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авахаар болжээ. Гэхдээ улаан буудайн чанарыг 2,3,4 дүгээр зэргийн гэж ангилан чанараас нь хамаарч 540, 520 мянга гэх зэргээр үнэлж авах аж. Мөн улсын төсөв алдагдалтай гарч, гадаадад төлөх өрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ийм үед тариаланчдад шууд тэр доор нь улаан буудай борлуулсан мөнгийг нь 100 хувь олгох боломжгүй хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгожээ.
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байгаа юм.
- Үндсэн хуулийн цэц өчигдөр хуралдаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт нь хяналтын шатны шүүх хуралдаанд олонхитой санал нийлээгүй шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.
- Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулжээ. Ингэснээр Улсын Их Хурлын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болжээ.
- БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн бомтын түр амрахаар болсон байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Хуульзүйн сайдаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг хууль бусаар дарамт үзүүлж байгаа, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор шат дараатай ажлууд хийж байгаа аж. Монгол Улсын 202, гадаадын 11 нийт 213 иргэний хилийн хоригийг цуцалжээ. Мөн бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон 120 гаруй тушаал шийдвэрийг эргэн харж, эхнээс нь хүчингүй болгосон байна. Түүнчлэн Татварын ерөнхий газраас 107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг Засгийн газрын шийдвэрээр нээжээ.