Эрх баригчдаас эдийн засгийн хямралыг даван туулах “Онцгой” хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах цаг хэдийнэ болжээ. Тэд амласан, ард түмэн итгэл хүлээлгэж сонгосон.
УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойш гурван сар, УИХ-ын ээлжит бус чуулган завсарласнаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа нэг ч хөтөлбөр алга.
Худлаа гэвэл нягтлаад үзээрэй. Яамдын газар, хэлтсүүд орлогч даргагүй, агентлагийн дарга нар албандаа жижиг оврын автомашин ашиглаж буйг эс тооцвол хямралтай тэмцэн, бүсээ чангалан ажиллаж байгаа төрийн байгууллага алга. Харин нэр өөрчлөх, нэрэмжит болгох зэрэг зохиогчийн эрхэнд халдсан аян бол эрчимтэй явлаа.
Орон нутгийн сонгууль дөхөж байгаа болохоор сонгогчдоос санал зулгаахад нэмэртэй юм болов уу даа. Лав л Монголын төр ахмадуудаа нас барсан он хугацаагаар нь ялгаварласан хуулийг хэрэгжүүлж болохгүй гэж үзэн, буцаан татсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эрх баригчид нэрийг нь, агуулгыг нь бага зэрэг өөрчлөөд Насны хишиг нэртэйгээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна.
Яамдын газар, хэлтсүүд орлогч даргагүй, агентлагийн дарга нар албандаа жижиг оврын автомашин ашиглаж буйг эс тооцвол хямралтай тэмцэн, бүсээ чангалан ажиллаж байгаа төрийн байгууллага алга. Харин нэр өөрчлөх, нэрэмжит болгох зэрэг зохиогчийн эрхэнд халдсан аян бол эрчимтэй явлаа.
Насны хишиг хуулийн төсөл батлагдсан нөхцөлд 70-аас дээш настай ахмадууд улирал тутамд 100.000-300.000 төгрөгийг тэтгэврээс гадна авна. Энэ тохиолдолд 55-69 хүртэлх насны ахмадууд насны хишиг хүртэхгүй, МАН ахмадуудаа насаар нь ангилан ялгаварласан болж таарч буй.
Хэрвээ Ардчилсан намынхны санаачилж батлуулсан байсан Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжсэн бол 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмад буурал тухайн нас барсан хүнийхээ тэтгэврийн тодорхой хувийг өвлөх эрх үүсэх байлаа. Ингэхдээ бүрэн тэтгэвэр авч байсан тохиолдолд тэтгэврийг нь өвлөнө. Эдгээр заалтыг эрх баригчид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэн, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаан татсан ч зарчмын хувьд ялгарах зүйлгүй, хэлээд байсан шүүмжлэлээ баталгаажуулсан төслийг санаачилснаараа “Хуулийн хулгайч” гэх муухай нэр л зүүж үлдлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаас буцаан татсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг процессын хуулиудад Засгийн газар мөн л өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Тэдгээрт дээр дурдсанчлан косметик засвар оруулаад МАН санаачилсан гэх “автор” зүүгээд дээрх аргаар зүтгүүлбэл Ардчилсан нам муухай харагдах нь юу л бол… Эсрэгээрээ Ардчилсан намынханы санаачилсныг МАН хулгайлж, эцэст нь хууль хэрэгждэг гэх яриаг л бататгасан хэрэг болох болов уу.
Ер нь эрх баригчдаас өөрсдийнх нь санаа харагдахгүй байгаа нь үнэн. Эдийн засгийн хямралыг даван туулах шийдлээ одоо хэр нь гаргаагүй, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын ээлжит хурлаар уржигдархан л Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг сонсож суугаа нь эрх баригчид өнөөгийн нийгмийн хурдыг гүйцэж ажиллах чадвар байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж буй.
Дээр нь Ардчилсан намын өнгөтэй, өөдтэй, гэрэлтэй, гэгээтэй төсөл, хөтөлбөр бүхнийг үгүйсгэчихээд нэр, усыг нь солиод буцаагаад оруулаад ирж байна уу гэмээр эндүүрмээр хөтөлбөрүүд ирэх дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нь “МАН-ын мөрийн хөтөлбөрөөс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг харж болно” гэх яриа, хөөрөөнд ч оруулж амжлаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, эдийн засгийн хямрал энэ бүхэн улстөржилтгүйгээр явах ёстой ажил. Гэтэл рейтингээ унаган, унаган улстөржүүлэх ямар хэрэгтэй юм бэ?.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хуулбар гээд шуугицгааж байна. Шийдэхээр зүтгэж байгаа асуудал нь нэг учраас агуулгын өөрчлөлтийг харуулахгүй байж болох ч нийтийн эрх ашгийг хангаж байгаа зөв хөтөлбөрийг үгүйсгэлгүйгээр үргэлжлүүлэх бодлого барихгүй бол эцэстээ нийгмийг хагаралдуулсан их талцал руу л татан оруулж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, эдийн засгийн хямрал энэ бүхэн улстөржилтгүйгээр явах ёстой ажил. Гэтэл рейтингээ унаган, унаган улстөржүүлэх ямар хэрэгтэй юм бэ?.
Дахиад сануулъя, яг одоо ард түмэнд эдийн засгийн хямралыг даван туулах “Онцгой” хөтөлбөр хэрэгтэй байна.
Г.ХОРОЛ