Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Ардчилсан нам хамтран “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалтыг 2016 оны 09-р сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улс парламентын төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор 190 орноос 98-нд буюу маш хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байдаг. Эмэгтэй нэр дэвшигчдэд зориулан шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд юун дээрээ анхаарч ажиллахад чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг сургалтаар олголоо.
Сургалтын хөтөлбөрт сонгуулийн үеэрх стратеги төлөвлөлт, харилцаа, холбоо, мөрийн хөтөлбөр, мэссэж боловсруулах, сонгогчдод хэрхэн хүрч ажиллах сэдвүүд багтсан байсан юм.
Удахгүй 10 сард болох сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа эмэгтэй нэр дэвшигчид тус сургалтад хамрагдсан бөгөөд цаг үеэ олсон эмэгтэй нэр дэвшигчдэд ус, агаар адил хэрэгцээтэй олон чухал асуудлыг ойлгуулан таниулсан сургалт болсныг онцолж байлаа.
Сургалтын үеэр оролцогчид өөрсдийн туршлагаа сургалтаар олж авсан мэдлэг, мэдээлэлтэйгээ холбон бататгаж сонгуулийн кампанит ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар харилцан ярилцаж хамтран зүтгэгч намын бусад гишүүддээ илтгэл тавин идэвхи санаачилгатай оролцлоо.
Орон нутгийн сонгуульд БЗД-ийн 6-р хорооноос нэр дэвшигч Д.Нарангуа: “Эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэнд, шүүх, нийгмийн хамгаалал, банк санхүү, үйлчилгээний байгууллагад эмэгтэйчүүд олонхи байдаг. Тиймээс л эмэгтэйчүүдийг улс төрд оруулбал ажил албан үүргээ мэддэг чадварлаг улс төрчид төрнө гэж би боддог. Эмэгтэйчүүд улс төр дэх оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх тал дээр мэдлэг, мэдээлэл олгосон чухал сургалт болж өнгөрлөө. Миний хувьд урьд нь сонгуульд менежер, ухуулагчаар ажиллаж байсан бол энэ удаад өөрөө нэр дэвшин оролцох учраас аливаа зүйлийг бүх талаас олж харахад энэ сургалт тусаллаа” гэдгээ сургалтын үеэр хэлж байсан юм.
Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар түвшинд байгааг 2006 оны олон улсын парламентын холбоо, НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх салбар эдийн засгийн нийгмийн хэлтэс хамтран 181 орны дунд явуулсан судалгаагаар улс төр дэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлт 15 орчим хувь байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Чамлалтай ч ахиулж болох энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд чиглэсэн дээрх сургалтыг БНОУХүрээлэн 09-р сарыг дуустал Архангай, Дархан, Эрдэнэт, Ховд, Увс, Улаанбаатар зэрэг аймаг, хотуудад бүсчилсэн хэлбэрээр сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөж бөгөөд 11 аймгийн бүх улс төрийн намын төлөөлөгчид, бие даан нэр дэвшигчдийг хамруулахыг зорьж байгаа юм.
БНОУХүрээлэнгийн тухайд ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм. Монгол улс ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжсэний дараахан буюу 1992 оноос эхлэн үйл ажиллагаагаа Монгол улсад тасралтгүй явуулж байгаа бөгөөд парламентын тогтолцоог хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, улс төрийн намуудыг чадавхижуулах, тэдгээрийн сонгуулийн чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн юм.