Д.Сосорбарам: ҮЗХ-г тараах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам: ҮЗХ-г тараах хэрэгтэй

АН-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай АН-ын шинэчлэлийн асуудлаар хэдэн хором ярилцлаа.


-АН сонгуульд ялагдал хүлээснээс хойш гишүүд дэмжигчид нь яаралтай шинэчлэгдэх ёстой гэж үзэж буй. Намын удирдлагууд ч шинэчлэл хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн. Одоогоор хийгдэж байгаа ажлыг дүгнэж хэлбэл юу гэх вэ?  

-Шинэчлэл хийгдэхгүй байна. ҮЗХ бол үхмэл байгууллага болсон. Зөвхөн мөнгөтэй хүн ҮЗХ-нд багтдаг. Шулуухан хэлэхэд, ҮЗХ-ноос эхлээд дарангуйлалд автсан гэж шулуухан хэлж болно. Одоо Монгол Улс нам төвтэй төр болчхоод байна. Төрийн дээр нам зайдалчхаад, хүнд суртлын үүр уурхай болчхоод байна. АН-ын хувьд бүх асуудлаа ил ярилцдаг. МАН-ынхан дотроо сэмхэн дарангуйлалтай. Сонгуулийн өмнө яригдаад байсан 60 тэрбумын асуудал бараг биелэгдсэн. Шүүхээр ийм зүйл байхгүй гэж тогтоогдсон ч шүүхийг худалдаад авчихсан байгаа царай нь энэ юм. Манай гол түгжээ намуудад байдаг. Ардчилсан нам ардчиллыг авчирсан нь үнэн л юм бол ардчилсан хэлбэрээр тарах хэрэгтэй. Шинэчлэгдсэний дараа Ардчилсан нам гэдэг нэрээ ч солих хэрэгтэй.

-Ардчилсан намыг тарааж, шинэ нам байгуулаад явна гэхээр нийгэм хүлээж авах болов уу?

-Бололгүй яав вэ. Бид өмнө нь Коммунист дэглэмийг халж чадсан. Одоо бол мэдээ, мэдээллийн эрин зуун ирсэн. Ийм нийгэмд тохирсон шинэ нам эмхлэгдэн зохион байгуулагдах ёстой.

-ҮЗХ-ны хурал хойшлогдож байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ? 

ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа шалтгаан нь фракцуудын гай. Хоёрдугаарт, дарга тойрсон гишүүдийн гайнаас болоод хуралдаж чадахгүй байгаа юм. ҮЗХ-ны хурал орон нутгийн сонгуулийн дараа хуралдана гэж байгаа нь хугацаа хожих гэсэн шалтгаан. Сонгуулийн дараа хуралдаж чадахгүй бол ардчиллыг үүсгэн байгуулагчид Их хурлаа өөрсдөө зарлаад, ҮЗХ-г тараах санал асуулга явуулах хэрэгтэй. Их хурал нь дүрэм журмаа баталдаг байх хэрэгтэй. Цаашид ҮЗХ гэж байх хэрэггүй. Их хурлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг Үндэсний гүйцэтгэх зөвлөл гэдэг ч юм уу нэг байгууллагатай байх хэрэгтэй.

-АН-ын гишүүд дүрмээ мөрддөггүй гэж шүүмжилдэг. Дүрмээ мөрдөхгүй байгаа хүмүүс ийм шинэчлэлийг үг дуугүй даган, биелүүлж чадах болов уу?

-Миний харж байгаагаар ихэнх хүн шинэчлэлийг хүсэж байгаа. Хүсэхгүй байгаа нь ҮЗХ-ны цөөхөн хэдэн хүмүүс байдаг.

-МоАХ-ын зарим гишүүд маргааш /2016.10.01/ Ерөнхийлөгчтэй уулзана гэсэн. Ямар асуудлаар уулзах гэж байгаа юм бэ?

-Бид ямар нэгэн улс төр орсон өргөх бичиг гэдэг ч юм уу, шаардах бичиг гэх мэт зүйлийг Ерөнхийлөгчид өргөн барихгүй. Монгол Улс парламентын дээд, доод танхимтай байх. Намуудыг шинэчлэх хуулийг төслийг өргөн бариач гэдэг үүрэг хүлээлгэхээр төлөвлөж байгаа юм.

-Парламент дээд, доод танхимтай болохын тулд Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлагатай байх тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Үндсэн хуулийг шинэчлэх хэрэгтэй. Үндсэн хуулийг шинэчлэх явцад олон шинэ үйл явдал өрнөнө. Үүнээс Монголчууд айхгүй, зоригтой явах хэрэгтэй. Хүн болгон улс төржихгүй эрүүл саруулаар харах хэрэгтэй. Одоо бол АН, МАН гээд хоёр том хүчин гарч ирээд нэг нь нөгөөгөөс өс хонзон авахын туйлд хүрч байна. Ийм ирээдүйгээс үр хойчоо аврахын тулд нам, үзэл суртлаа хойш тавиад Үндсэн хуулиа өөрчлөх, парламентын зөв тогтолцоонд орохын тулд хүн бүр хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж