МАН-ын гишүүд төрийн ордонд тухалж аваад бараг 100 хонолоо. Энэ хугацаанд супер олуулаа сандал, ширээний эздийг тодруулаад тун чиг завгүй ажилласан нь албан тушаал авч буй агшинаа инээмсэглэлээр чимж сошиал ертөнцөд мөнхөлсөн олон гишүүдийнх нь дурсгалт мөчөөс харагдана.
“Хадаг дээр мөнгөн аяга, тамга. Тэр юу вэ?” гэж МАН таалгаж, гишүүд нь “албан тушаал” гэж тааж байх зуур Монголын эдийн засаг хүндрэлээс хямрал руу жин дунгуйдсан нь тодорхой боллоо.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс гадна эрх баригч намын лидер нь, сөрөг хүчний гишүүн ч тэр “Стэнд Бай” хөтөлбөрийн талаар ийн дурдсан нь Монголын эдийн засаг хямралд орсныг давхар илтгэнэ.
Эрх мэдлийг бидэнд олговол эдийн засгаа авраад өгье гэж амлаж байсан МАН өдгөө “Стэнд Бай” хөтөлбөрийг магтан сурталчилах нь илүү сэтгэж, их ажиллаж чадахгүйгээ харуулж буй хэрэг. Өөрсдийнх нь толгой хүрэхгүй улс орны мөнгө, сангийн бодлогоо эрх мэдлийн хамт өрнөдийн эдийн засагчдад даатгаж байгаа тэдэнд эрх мэдэлд хүрсэн 100 хоногт эдийн засгаа бодох сэтгэл, зүтгэл даанч байсангүй.
Монгол Улс энэ хөтөлбөрт хэдэнтэй хамрагдаж байсны ойрын жишээ 2009 оны эдийн засгийн хямралын үед тохиосон юм. Тухайн үед манай улсын эдийн засаг (-1.3) хувиар агшиж, ажилгүйдлийн түвшин 12 хувьд хүрсэн. Ажлын байр их шингэдэг барилгын салбар (-34) хувиар агшиж, 80 мянган иргэн ажилгүй, орлогогүй болж байсан түүхтэй. Золоор дэлхийн зах зээл дээр манай улсын орлогын эх үүсвэр болсон түүхий эдийн үнэ огцом өсч, “Оюутолгой” мега төсөл хөдлөж, бид ч хямралаас богино хугацаанд гарсан.
Гэтэл эдийн засгийн эмгэнэлт түүх дахин давтагдаж болзошгүй боллоо. Алдааг нь улс төрчид хийж, ачаагаа хувийн хэвшил, иргэдэд үүрүүлдэг энэ технологио зогсоохгүй бол эдийн засгаа хорлоод “Стэнд Бай”-д хамруулдаг уламжлал тогтох гээд байна. Эцэст нь эрх баригчидад сануулахад эдийн засаг “Стэнд Бай” дээр биш итгэлцэл дээр эргэлддэг юм шүү.
Г.БАТМӨНХ
2016.09.30