БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2016.09.30/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан, оюутан залууст хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар илтгэл тавив. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вэйтэй тэтгэлэг гардуулах санамж бичигт гарын үсэг зурж, мөн Хятадын соёлын танхимыг нээсэн юм. Элчин сайд Шин Хай Минь илтгэлдээ хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд БНХАУ-ын их, дээд сургуульд 10 мянга гаруй монгол оюутан суралцдагаас, 7 мянга орчим нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан гэдгийг онцолсон байна. Мөн ХААИС-ийн 10 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр болох нийт 10.000 ам долларын тэтгэлгийг гардуулсан юм.
ХААИС-д энэ жил БНХАУ-ын 45 оюутан суралцаж байна. Харин БНХАУ-руу тус сургуулийн 23 оюутан энэ жил хамтын ажиллагааныхаа хүрээнд суралцахаар явжээ. Цаашид ч амжилттай суралцаж буй оюутан, судалгааны ажлаа эхлүүлсэн багш нарын эрдмийн бүтээлд БНХАУ-аас өгсөн тэтгэлгийг зориулах ажээ. Мөн загас, зөгийн аж ахуйг судлах лабораториудыг ХААИС, БНХАУ-ын ЭСЯ-ны хөрөнгө оруулалтаар байгуулж эхэлжээ. Эхний ээлжид Загасны лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар Хятадын хоёр судлаач тус сургуульд ажиллаж буй юм. Харин өнгөрсөн гурван сард эхэлсэн монгол морины онцлог, хурдлах чадвар, амьдрах тэсвэр тэвчээрийг судлах судалгааны ажил үргэлжилж байна.
ӨМӨЗО-ны их сургууль, ХААИС-ийн хамтарсан судалгааны баг зөвхөн адууг судлаад зогсохгүй нүүдлийн таван хошуу малын онцлог, мах, сүүний шимт чанар үүлдрийн хонь, ямаатай харьцуулшгүй гэдгийг судалж, нотолно гэлээ.
Зураглаач Н.БАТМӨНХ