Эрийн хийморь болсон хүчит бөхчүүддээ хайртай монголчууд маань тэднийхээ гайхамшигт хүч чадлыг бахархан ярьсаар домог, түүхэндээ нэрийг нь мөнхжүүлжээ. Домог болж мөнхөрсөн зарим хүчит бөхчүүдийн гайхамшигт хүч чадлын тухай өгүүлье.
-Долоон хошуу даншиг наадам хийгээд арван засгийн наадамд хорин удаа түрүүлж, хэдэнтээ үзүүрлэсэн Түшээт хан аймгийн дайчин ван Ханддоржийн хошууны алдарт бөх Шагдарын Намхай ид барилдаж байх үедээ даншиг наадамд явж байгаад голоос морио усалж зогсохдоо барьж явсан урт уургаа голын зүлгэнд шигтгэн дараад байтал дундаасаа өнгөртөл шигдчихжээ. Хамт явсан бөхчүүдээ сугал гэсэнд хэн нь ч яаж ч оролдоод сугалж чадсангүй. Гэтэл Намхай аварга тэднийг голонгуй харж толгой сэгсэрснээ баруун гараа дээш жаахан өргөх шиг болсноо шаварт гүнзгий шигдсэн уургаа түвэггүйхэн суга татаад гаргачихсан ажээ.
–Булган аймгийн Орхон сумын харъяат улсын заан хөнхөр Гомбодорж гэж асар их бяртай бөх байжээ. Нэг өвөл түүнийг ширэнд нь боосон гунжин үхрийн махыг пүнзэнд оруулах гэж байтал нэгэн эр түүний бярыг үзье гэж бодоод наадахаа шүдээрээ өргөөд таван ханатай гэр тойрчихвол гунжин үхрийн мах өгье гэж ам гарчээ. Хүчиндээ итгэдэг заан “Нээрэн үү? гэж асуухад нээрээ байлгүй яахав” гэж хариулахуйд Гомбодорж заан ширтэй махыг сураар тоонолжлон боож, гогцоо гаргаад шүдэндээ лав зууж алхсаар таван ханатай гэрээ тойрч мөрийгөө авчээ.
-1960-1970-аад онд энгүй их хүч чадлаараа аваргуудын зүрхэнд шар ус хурааж явсан хүчит арслан Ө.Эрдэнэ-Очир тухайн үеийн бөхчүүдээс хамгийн их бяртай нь байсныг ахмад бөхчүүд андахгүй. Тэрбээр улсын заан цолтой байхдаа Дорнодод ачаа буулгах гээд чиргүүлтэй Зил- 130 дүүрэн ачаа ачиж, бүхээгтээ үеийн хоёр найзаа, ачаан дээр ээж, хүү хоёроо суулгаад Хөдөө аж аж ахуйн дээд сургуулийн урдуур зүүн тийш давхиж яваад замын тойруу дээр санамсаргүй мушгиж орхисоонд машин нь онхолдож дээшээ харж ойчжээ. Тэрбээр сандран бууж харвал бүхээгний ард ачсан дүүрэн бензинтэй 200 литрийн торх суга үсэрч газар, тэвшний ирмэг хоёрын завсар тээглээд тогтчихсон байж гэнэ. Түүний цаана ээж, хүү хоёрынх нь дуу гарч “Амь авраарай” хэмээн хашгиралдаж байжээ. Дүүрэн бензинтэй торх хажуу тийш нь болгохгүй бол тэднийгээ татаж гаргах зай завсар байхгүй байсанд цөсөө цалгитал айж сандарсан Эрдэнэ-Очир заан тэвшинд дарагдсан энэ торхыг мөрлөөд түлхвэл зай гаргачих юм биш байгаа гэж бодоод ачаатай 3ил-130 машин дор дарагдсан дүүрэн бензинтэй торхыг байдаг чадлаараа мөрлөөд түлхтэл зэгсэн зай гарч ээж, хүү хоёроо эсэн мэнд татаж гаргасан юмсанж. Айсан хүнд ер бусын бяр ордог юм билээ гэж хүчит арслан надад нэгэнтээ хуучилж билээ.
/Үргэлжлэл бий…/
Зохиолч Сан.Пүрэв
ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn