Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Гантулга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2016 оны есдүгээр сарын 5-нд 35 нэр дэвшигчээ хуулийн дагуу бүртгүүлжээ. Гэвч 15 хоногийн дараа 12 дугаар хороонд нэр дэвшигч А.Гантулгын нэрийг “Үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хассан шийдвэрийг дүүргийн Сонгуулийн хороо гаргажээ. Үүнийг нэр дэвшигч эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Шүүхээс А.Гантулгын нэрийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан нь хуулийн үндэслэлгүй байна хэмээн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу өчигдөр нэр дэвшигч А.Гантулга дүүргийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар очтол ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар үнэмлэхийг нь өгөөгүй байна.
Мөн өнөөдөр дүүргийн болон Нийслэлийн сонгуулийн хороонд хандаж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авах гэсэн боловч амралтын өдөр гэжээ.
Сонгуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 -т “Сонгуулийн хороо санал авах өдрөөс бусад ажлын өдөр тухайн орон нутаг дахь төрийн байгууллагын ажлын цагийн хуваариар ажиллах бөгөөд шаардлагатай бол ажлын бус өдөр, түүнчлэн илүү цагаар ажиллаж болно” гэж заасан байдаг байна. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэтэл тодорхой шалтгаангүйгээр нэр дэвшигч А.Гантулгын нэр дэвшигчийн үнэмлэхийг өгөхгүй байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчиж байна гэдгийг тэрбээр хэлсэн.
Цаашид холбогдох шат шатны байгууллагуудад хандаж шаардлага хүргүүлнэ гэдгээ Хан-Уул дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Цэрэнбат хэллээ.
Г.ХОРОЛ