Яамдаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Яамдаар сонин юутай вэ?

Шинэ Засгийн газар бүрдээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч яамд тойрсон томилгоо үргэлжилсэн хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Гадаад харилцаа, Хууль зүй, дотоод хэрэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Уул уурхай, хүнд үйлдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажилд нь томилсон бол ирэх долоо хоногт Эрүүл мэнд, Эрчим хүч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох төлөвтэй байгаа юм. Ажлаа аваад удаагүй байгаа шинэ Төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд дотоод ажил ихтэй сууна. Харин сайд нарын хувьд зарим нь гадаад руу айлчлалаар морджээ. Энэ тухай тоймлон хүргэе.


Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан өчигдөр /2016.09.29 / боллоо. Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс  2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан  11 удирдах албан тушаалын  сонгон шалгаруулалтын дүнг танилцуулжээ. 

Сонгон шалгаруулалтад 19  хүн өрсөлдсөн бөгөөд шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан дараах хүмүүсийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД: 

  • Б.Баярсайханыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

АГЕНТЛАГИЙН ДАРГАД:

  • Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн,  Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С.Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэв. 


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ:

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчлахаар энэ сарын 27-нд Улаанбаатар хотоос морджээ.

Япон улсад хийсэн айлчлал нь амжилттай болж өндөрлөснөөр өчигдөр /2016.09.29/ БНСУ-ыг зорьсон байна. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд болсон НҮБ-аас баталсан Хөгжих эрхийн асуудлаарх Тунхаглалын 30 жилийн ойд зориулсан Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хуралдаан, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх Сайд нарын 7 дугаар уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн өндөр түвшний уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцжээ. Энэ үеэрээ 30 гаруй орны Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Сайдын эзгүйд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар ажлаа зангидаж, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авч, ажил хэргийн уулзалт хийж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2016.09.29/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзсан бол өмнөх өдөр нь Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэдэнг хүлээн авч уулзан, хоёр улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээр байгуулах, Палентологи, геологийн чиглэлээр хамтарсан судалгааны төв байгуулах, Варшавын их сургууль, МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хос диплом олгох “2+2” хөтөлбөрийг эхлүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцжээ.

Энэ хугацаанд тус яамны Эрүүл мэндийн яамтай хамтран шийдсэн голлох нэг ажил нь Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангаас олгох 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Түлэнхийн төвийн барилгыг гүйцээн бариулахаар болж,Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна.


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ:

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт томилгоотой холбоотой анхны шийдвэрээ уржигдар /2016.09.28/ гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хурандаа П.Батбаатарыг, дэд даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатарыг, Нийгмийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын I газрын даргаар хурандаа М.Лувсандорж нарыг тус, тус томилжээ. Сайдын дээрх томилгоог салбарынхан нь “Доод шатанд гол ажлыг нугалж байсан хүмүүсээ гаргаж ирсэн, зөв томилгоо боллоо” гэж үнэлж байна.

Өнгөрсөн хугацаанд тус яамнаас хийсэн гол ажил нь тусгай зөвшөөрлүүдтэй холбогдож байна. Хууль зүйд, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, мөн хөрөнгө оруулалт , аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянасан байна. Ингээд хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх саналаа холбогдох газруудад хүргүүлжээ.  Мөн тус яам Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл байгуулан ажиллахаар болж буй аж.

Үүний зэрэгцээ тус яам Монгол Улсын 202 иргэн, гадаадын 11 нийтдээ 213 иргэнд хилийн хориг тавьсан асуудлыг судалж үзэн, цуцалжээ.


УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан бол дэд сайд Х.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллажээ.

Тус яамныхан гурван том боловсруулах үйлдвэртэй холбогдох төслийн нэгж байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэн ажил ихтэй суугаа аж. Тодруулбал, нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудал яригдаж байна.

Шийдлийн Засгийн газрын үед нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулах нь хамгийн зохимжтой гэсэн судалгаа гарсан байдаг. Харин Мэргэжлийн Засгийн газар дээрх бодлогыг үргэлжлүүлэн ажил хэрэг болгох уу гэдэг нь ойрын үед тодорхой болох юм.


ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ:

Дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Москваг зорьсноор ажил хэргээ бүтээжээ.

Зөвлөлийн хуралдаанаас Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Д.Жигжиднямааг томилох шийдвэрийг гаргуулсан байна.

Оросын талаас мэргэжлийн хүнийг “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилох ёстой гэсэн шаардлага тавьснаар Монголын төлөөлөгчид Д.Жигжиднямааг санал болгож, томилуулжээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, боомтын нөхцөл байдалтай танилцсан аж.

Гашуун сухайт боомтоос Цагаан хад хүртэлх замд нүүрс тээвэрлэдэг машинуудын урт цуваа үүсэх болсон байна. Ойролцоогоор 20 орчим км машины цуваа үүсэх болсон аж. Энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал бага, мөн Хятадын хилийн боомт ачаалалтай ажиллаж байгаа зэргээс шалтгаалж байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэх нь салбар хариуцсан яамны ойрын үед шийдвэрлэх ажлын нэг гэнэ.


ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ:

Өнгөрсөн өдрүүдэд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газар тариалангийн бүс нутагт ажилласны зэрэгцээ “Дархан нэхий” зэрэг үйлдвэрүүдээ ч эргэжээ. Энэ үеэрээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах буудайн үнийн асуудлаар тариаланчидтай тодорхой зөвшилцөлд хүрсэн байна. Улаан буудайн үнэ чанараасаа хамаарч 1 тонн нь 520.000-560.000 төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Ингэхдээ буудайн үнийг тариаланчдад 100 хувь гаргаж өгөх боломжгүй тул эхний удаад 40 хувь, дараа нь 30, 30 хувиар олгохоос аргагүй байгаагаа учирлажээ.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас түлш, шатахуун зээлээр авсан тариаланчдын хувьд хураасан шинэ буудайгаа оролцуулж болох аж.

Жил бүрийн намар хүнсний ногоочид хураан авсан ногоогоо борлуулахад бэрхшээлтэй тулдаг. Худалдах газар байхгүйгээс хямд үнээр ченж нарын аманд багтан өгөх нь элбэг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор салбарын яамнаас энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажилласнаар хүнсний ногоочид Улаанбаатар хотын хэмжээнд 40 гаруй байршилд хураасан ногоогоо ченжийн дамжлагагүйгээр хямд үнээр худалдаалж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж