Шаардлага хангасан цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Шаардлага хангасан цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллана

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.


  • Золбин нохой, мууранд спэй буюу өндгөвч, сав боох мэс ажилбар хийхэд таван тэрбум төгрөг зарцуулах нь гэх “дуулиант” мэдээлэлтэй холбогдуулж хотын мэр С.Батболд анх удаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өмнөх дөрвөн жилд золбин нохой, муур устгах ажил хийгдэж л байсан. Ардчилсан намынхан та нар ч мэдэж байгаа. Нохой, мууранд спэй хийхэд таван тэрбум төгрөг зарцуулах боломж бидэнд байхгүй. Үүнийг мэдсээр байж улс төржүүлэх хэрэггүй. Ямар ч байсан сошиал, хэвлэл мэдээллээр санаатай ч юм шиг цацаж байгаа мэдээлэлд бичсэн шиг 5 тэрбум зарцуулах ямар ч яриа, боломж байхгүй. Тийм асуудал байхгүйг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.


  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын тэргүүн дэд дарга нарыг өөрчилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг шинээр томилсон байна. Өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эх сурвалж мэдээллээ. Шинэ дарга нар өчигдөр өглөө албан ёсоор ажлаа хүлээж авсан байна.


  • Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Энэхүү халаа сэлгээнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өртөж, албан тушаалаа өглөө. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурал өчигдөр болсон бөгөөд уг хуралдаанаас тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргажээ.


  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас есдүгээр сарын 28-ны өдөр дахин баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр АТГ Г.Дэнзэнг оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилсан байна. Түүнийг өмнө нь АТГ сэжигтнээр тооцон шалгаж байсан бол энэ удаад яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын хүрээг өргөжүүлжээ.


  • Өчигдөр болсон НИТХ-ын нэгдсэн хуралдааны үеэр хотын дарга С.Батболд баар, цэнгээний газруудын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Байрны дор үйл ажиллагаа явуулдаг бааруудыг хаах асуудал яригдана гэсэн үг. Баарууд ажиллаж болно. Гэхдээ хотод татвараа төл. Иргэдэд халуун хоолоор үйлчилдэг бай. Харуул хамгаалалттай бай. Дэлхийн стандартад нийцэхүйц хөгжимтэй, халуун хоолтой, хамгаалалтын албатай. Өөрөөр хэлбэл, иргэдийн ая тухтай, аюулгүй байх нөхцлийг бүрэн хангасан бол 04.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө“ гэлээ.


  • Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүч, Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад нийтдээ 13 хүн оролцсон байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 5 хүн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад 2 хүн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 6 хүн өрсөлджээ. Гэвч БСШУСЯ-ны болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хэдийнэ тодорсон гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч Б.Баярсайхан,  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар З.Мэндсайхан томилогдох нь тодорхой гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.


  • С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар оруулж, өнөөдрөөс худалдаалахаар боллоо. Энэ талаар өчигдөр “Омбол” компани болон Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс мэдэгдсэн юм. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй гэж тайлбарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж