Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт болсон Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй сагсчид анх удаа түрүүлж, аварга болсон бол өнөөдөр Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо.
Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртээд байна.
Азийн элсний наадамд спортын найман төрөлд 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын баг ийнхүү жюү жицү бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртээд байна.
Азийн элсний наадам аравдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.
Тайландын Пукет арал дээр хоёр жилийн өмнө болсон наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд 6 алт, 4 хүрэл медаль хүртэж байсан билээ.
Б.ЭНХ