Дэлхийн хамгийн баян хүмүүс хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян хүмүүс хэн бэ?

Эзэмшиж байгаа хөрөнгөөрөө дэлхийн эдийн засгийг ганхуулах хэмжээний 50 хүний мэдээллийг бид та бүхэнд цувралаар танилцуулж байгаа. Тэдгээрийн хөрөнгө Австрали, Испани, Мексик улсын жилийн ДНБ-ээс ч илүү, дангаараа нийт 1,46 триллион ам.долларыг бүрдүүлдэг аж.

2016 оны нэгдүгээр сард шинэчлэн гаргасан энэхүү жагсаалтад багтсан 50 хүний 29 нь АНУ-ын иргэд бол бусад нь Хятад, Энэтхэг тэргүүтэй бусад улсын хөрөнгө оруулалт, технологийн салбараас төрсөн тэрбумтнууд багтжээ.

Та энэхүү жагсаалтад бичигдэхийн тулд дор хаяж 14,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай.

Дэлхийн тэргүүлэх 50 баяны гуравны хоёр нь өөрийн хүчээр дэлхийн хамгийн хүчирхэг компаниудыг үүсгэн байгуулж чадсан байна.

2. Амансио Ортега

Хөрөнгө: 66.8 тэрбум доллар

  • Нас: 79
  • Улс: Испани
  • Салбар: Худалдаа
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Индитекс

Амансио Ортега нь дэлхийн хоёр дахь баян хүн юм. Тэрбээр 14 настайдаа Испанийн хувцас загварын бегемот Inditex-д бараа түгээгчийн ажилтан байжээ. Тус дэлгүүрийг жижиг тосгоны дэлгүүрээс дэлхий дээрх хамгийн том, хувцас загварын салбарт ноёрхлоо тогтоосон групп болгон өргөжүүлсэн юм.

Inditex-ийг даган түүний ашиг орлого үлэмж хэмжээгээр өсч, өнгөрсөн жил гэхэд л тус компанийн хувьцаа 34 хувиар өссөн байна. 2015 онд есөн сар дараалан борлуулалтын хэмжээ 16 хувиар, ашиг нь 20 хувиар өссөн аж. Inditex нь дэлхийн 48 зах зээлд нийт 230 шинэ дэлгүүрүүдийг нээсэн байна. Эдгээр амжилт нь тус компанийн хамгийн том брэнд болох хурдтай томорч буй Zara-тай салшгүй холбоотой. Энэхүү брэнд нь хэрэглэгчдийг хамгийн орчин үеийн чиг хандлагатай загварлаг, чанартай хувцаснуудыг хямд үнээр авах боломжийг олгодог учраас хэзээд эрэлттэй байдаг аж.

Ортега нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн 2-т бичигддэг төдийгүй загварын салбарын хамгийн баян хүн хэдий ч маш энгийн амьдардаг нэгэн аж. Тэрбээр өнөөдрийг хүртэл ажилчидтайгаа цуг компанийнхаа цайны газарт өдрийн хоол иддэг хэвээрээ бөгөөд үнэтэй тансаг хувцаснаас илүү энгийн нэгэн цагаан сорочик, цэнхэр пиджак өмсөхийг илүүд үздэг аж.


1. Билл Гэйтс

Хөрөнгө: 87,4 тэрбум доллар

  • Нас: 60
  • Улс: АНУ
  • Салбар: Технологи
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Microsoft

Хорьхон насандаа Билл Гэйтс бага насны найз Паул Аллентай хамтран Microsoft-ийг үүсгэн байгуулсан. Хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Билл Гэйтс 31 насандаа өөрийн компаниа олон нийтэд нээлттэй болгосноор АНУ-ын түүхэн дахь хамгийн залуу тэрбумтан болсон төдийгүй 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа аж. Тэрбээр 2000 он хүртэл Microsoft-ийн CEO-оор ажиллаж, 2014 он хүртэл захирал, компаний хамгийн том хувьцаа эзэмшигч байв.Харин өнөөдөр компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд тэр бүр оролцохоосоо илүүтэйгаар буяны үйлст цаг хугацааг илүү зарцуулах болжээ.

Тэрбээр дэлхийн хамгийн баян хүн төдийгүй хамгийн өглөгч хүн юм.

Эхнэр Мелинда Гэйтстэй хамтран "Билл, Мелинда Гэйт сан"-г үүсгэн байгуулсан.Энэ сан нь өнөөдөр 40 тэрбум долларын тусламжийн хөрөнгө бүхий дэлхийн хамгийн том буяны байгууллага болсон байна. Энэхүү байгууллага нь ядуурал, ДОХ, хорт хумхаа өвчин болон бусад халдварт өвчнүүдтэй идэвхтэй тэмцдэг аж. Хосууд одоогийн байдлаар банкны дансгүй, насанд хүрсэн хоёр тэрбум хүмүүсийг гар утсанд суурьлагдсан банкны данстай болгох төлөвлөгөөн дээрээ ажиллаж байгаа аж. Мөн Билл сүүлийн үед Жэф Безосын хөрөнгө оруулж буй хорт хавдрыг тодорхойлох цусны шинжилгээ хийдэг технологийг зохион бүтээж буй Грайлд мөн хөрөнгө оруулах болжээ.

Тэрбээр мөн 2010 онд Giving Pledge-ийг өөрийн сайн найз, тэрбумтан Уорен Буфеттай хамтран үүсгэн байгуулсан юм. Энэ санд нэгдсэнээр тэд хөрөнгийнхөө 50 хувийг хандивлахаар амлалт өгсөн, одоогийн байдлаар тус санд Марк Зукерберг, Элон Муск гэх мэт нийт 137 гишүүнтэй болсон байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER


Өмнөх нийтлэлүүдийг дараах линкээр үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж