Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг тодорхойлно

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн, хөрөнгө оруулагч, эзэмшлийг тодорхойлох албан ёсны судалгаа хийхээр болсон талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгээс мэдээллээ. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны алба, Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагатай хамтран Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн хөтөлбөрийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр өнөөдрөөс ажлаа эхэлж байна. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 390 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сонин, телевиз, радио, сэтгүүл, онлайн хэрэгслийн эзэмшлийг тодорхойлох юм байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн албан ёсны судалгааг өмнө нь огт хийж байгаагүй гэдгийг тодотголоо.

Энэ удаагийн судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны тусламжтайгаар Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагатай хамтран хийхээр болжээ. Судалгааг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах хариуцан, гурван үндсэн судлаач, судалгааны албаныхан гүйцэтгэх юм байна.

Эхний ээлжид хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигчид эзэмшлээ ил тод болгох хүсэлт явуулна. Үүгээр дамжуулаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хэр нээлттэй байгааг тодорхойлно гэлээ. Мөн тухайн байгууллага аль улстөрчөөс хамааралтай, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд хаанаас вэ, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргах албан тушаалтан, ашиг сонирхлыг судлах юм байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн хүний гарт төвлөрөх нь иргэд олон ургальч, тэнцвэртэй мэдээлэл авах, олон талт мэдээлэл түгээх нөхцөлийг хаах том хөшүүрэг болдог гэдгийг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын төслийн менежер Карин Дайэна Декенбах онцоллоо. Тухайлбал, АНУ л гэхэд 320 сая иргэнтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 90 хувь нь зургаан компанийн мэдэлд байдаг аж. Харин Австрали улс 23 сая хүн амтай. Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоёр компани л мэдэлдээ байлгадаг хэмээн тэд онцоллоо. Энэ нь эргээд үзэгчдийн олон талт мэдээлэл авах эрх зөрчигдөх, тэнцвэртэй, хараат бус мэдээлэх эрхэнд эрсдэл учрах гол нөхцөл болох аюултай гэдгийг хэлсэн юм.

Энэ судалгааг өмнө нь Колумба, Камбож, Тунис гэсэн орнуудад өнгөрсөн жил явуулжээ. Харин энэ жил таван улсад явуулах гэж буйн нэг нь Монгол юм байна.

Ингээд ирэх 12 дугаар сарын дундуур Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн мониторингийн үр дүнг олон улсад тайлагнана гэж мэдээллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж