Төрийн албаны зөвлөлөөс есдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд "Төрийн албаны мэргэшлийн шалгалт" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өдөрлөгт 1620 иргэн цахимаар бүртгүүлэн оролцсоноос 88 хувь нь хангалтгүй дүн авсан байна. Гэхдээ нээлттэй өдөрлөг нь шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд өөрийгөө сорих, зөвлөмж өгөх, шалгалт нь хүнээс хамааралгүй, ил тод зохион байгуулагддаг гэдгийг ойлгуулахад оршсон учраас иргэдийн олонх нь “Сайхан арга хэмжээ болсон” гэж үнэлжээ.
Тухайлбал, өдөрлөгт оролцсон иргэдийн 94 хувь нь “Төрийн албаны мэргэшлийн шалгалт нь үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон” гэж үнэлсэн бол 84 хувь нь дахин өдөрлөгт оролцох хүсэлтэй болохоо илэрхийлжээ.
Шалгалтад тэнцсэн иргэдийг насны бүтцээр нь авч үзвэл 25 хүртэлх нас 25 хувь, 26-30 нас 42 хувь, 31-35 нас 18 хувь нь шалгалтад тэнцсэн байна.
Мэргэжлийн ангиллаар нь авч үзвэл эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй 28 хувь, эрх зүйч мэргэжилтэй 22 хувь, төрийн захиргаа, нийгмийн ажилтан, олон улсын харилцаа, орчуулагчийн мэргэжилтэй 8.4 хувь, байгаль орчин, аялал жуулчлал, газар зохион байгуулагч мэргэжилтэй 8.2 хувь, багшийн мэргэжилтэй 8 хувь, инженерийн мэргэжилтэй 6 хувь, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй 3.2 хувь, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй 2.2 хувь тэнцжээ.
Цаашдаа “Төрийн албаны мэргэшлийн шалгалт”-ын нээлттэй өдөрлөгийг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд, хуульчдад гэх мэт тодорхой чиглэсэн зорилгоор бүлгээр зохион байгуулах юм байна.
Г.ДАРЬ