АХБ: Монголын ЭЗ 1.4 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

АХБ: Монголын ЭЗ 1.4 хувиар өснө

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст 0.3 хувь, 2017 онд 1.4 хувьд хүрнэ гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк /АХБ/ дэвшүүлсэн байна. Ингэж эдийн засаг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь Оюутолгой төслийн II үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон ирэх хавраас сэргэж эхлэх хөдөө аж ахуйн салбар хэмээн АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр банкныхаа эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв”-ийн судалгааны дүнгээ танилцуулсан юм. Инфляцийн түвшин энэ оныг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө  хэмээн АХБ тооцоолжээ. Учир нь, Засгийн газар өнгөрсөн хугацаанд хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого явуулсан нь мөнгөний нийлүүлтээс үүдэх инфляцийн өсөлтийг сөрсөн хүчин зүйл болсон байна. Гэхдээ төсвийн гадуурх зарцуулалт Монгол Улсын эдийн засаг уналтад орох  гол шалтгаан болсныг ч тодотголоо.

МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСАГТАА ТОХИРГОО ХИЙХ ЦАГ ИРСЭН ГЭВ

“Уул уурхайн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг богино хугацаанд эерэг болгож чадвал Монголын эдийн засгийн хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна” гэж АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн үзэж байна. Мөн уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах нь Монгол Улсын хөгжил, эдийн засгаа эрчимжүүлэх хамгийн эхний сорилт болохыг зөвлөлөө. Засгийн газар хяналтгүй төсвийн зарцуулалтаа аргамжиж, эдийн засагтаа тохиргоо хийх цаг болсоныг АХБ тайландаа дурдсан байх юм.

ГАДААД ӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ 2017 ОНЫ ТӨСӨВТ ДАРАМТ БОЛНО

Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орж, 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Энэ бүгд нь ирэх оны төсөвт дарамт болж, цаашид ч гадаад өр төлөгдөх хэрээр төсөв алдагдалтай гарах төлөв үргэлжилнэ гэлээ. Засгийн газрын сүүлд авсан гадаад өрийн нөлөөллөөр гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсээр 1.3 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийн зах зээл дээрх алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийн савлагаа, гадаад хөрөнгө оруулалтын олдоц болоод гадаадын өрийн эргэн төлөлт Азийн 48 улсын эдийн засгийн гол эрсдэл гэж АХБ тодорхойлжээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж