Камертонтой, Никитонтой “Улаанбаатарын намар”

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Камертонтой, Никитонтой “Улаанбаатарын намар”

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын найруулсан “Улаанбаатарын намар” тоглолт өчигдөр /2016.09.30/ үдэш Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийн салхийг хагалж “Камертон”-чууд “Бид камертон” дуугаараа төв талбайд цугларсан олныг доргиов. Мөн тэд энэ үдшийг “Асах гэрэл”-ээр гэрэлтүүлж, “Сартай шөнийн дуу”-тай “Зүүд”-ний ертөнцөөр аялуулж, “Sexy girl”-охидод зориулан “Хайрлая чамайгаа” дууг дуулж, “18 нас”-тануудад “Төрсөн өдрийн дуу”-гаа эгшиглүүллээ. Ийнхүү Монголын рок попын шилдэг дөрвөл болох “Камертон”-чууд өөрсдийн уран бүтээлээрээ цугларсан олны сонорыг мялаасан юм.

Харин “Никитон ” хамтлагийнхан жинхэнэ амьд хөгжмийн “бөмбөгдөлт”-ийг мэдрүүлэх шиг болов. Тэд цугларсан олныг “Нандин шүтээн” дуугаараа “давалгаалж” байсан бол “Хос хунгийн дууль”-иараа уярааж байлаа. Тэд ийн нэгэн үдэш олон сайхан уран бүтээлээрээ олны сэтгэлийг баясгасан юм.

“Улаанбаатарын намар“ нэгдсэн өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ийнхүү роп попын одод болох Камертонтой, Никитонтой “Улаанбаатарын намар”-ыг тэмдэглэж өнгөрүүллээ.

Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих билээ. Өдөрлөгийн үеэр төв талбайд түргэн хоолны газрууд халуун кофе, амтат бүтээгдэхүүнээрээ үйлчилж байсан нь цугларсан олонд таашаалд нийцэж буй нь илт байлаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж